“Батаар”-ыг түр музейд буулгалаа

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

“Батаар”-ыг түр музейд буулгалаа

Хууль бусаар хил давуулсан гэх Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг өнгөрсөн сард АНУ-аас Монголд авчирсан билээ. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн гаалийн газрын баталгаат агуулахад хадгалж байсан үлэг гүрвэлийн олдворыг Сүхбаатарын талбай дахь Үлэг гүрвэлийн түр музейд өчигдөр буулгасан юм. Харин өнөөдөр гаалийн бүрдүүлэлт хийж, угсралтын ажлыг эхлүүлээд байна. Энэ талаар ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлээс тодрууллаа.

-Үлэг гүрвэлийн олдворыг угсрах гэж байна. Одоогоор гаалийн бүрдүүлэлт хийж байгаа юм. Энэ ажил ямар шаттай байна вэ?

-“Туушин” компанийн Нийслэлийн гаалийн агуулахад хадгалагдаж байсан Батаарын олдворыг өчигдөр орой түр музейд буулгаад, одоо хайрцгийг нь задлах ажил явагдаж байна. Өнөөдөр өглөө 08.00 цагаас эхлээд  гаалийн бүрдүүлэлт эхэлсэн. Баглаа боодлыг задлах явцад гаалийн бүрдүүлэлт хийгдэж байгаа учраас нэлээд удаж байна. Дөнгөж сая миний орж харсан хайрцагт гэхэд л үлэг гүрвэлийн нурууны хэсэг байна. Хайрцгаас нь гаргах, нааш нь эвтэйхэн тээвэрлэж авчрах замдаа эмтлэгдсэн хэсгүүдийг нь наах гэх мэт жижиг ажлууд гарч ирж байна. Иймэрхүү ганц нэг цуурсан эмтэрсэн зүйлүүд дээр палеонтологийн мэргэжлийн хүмүүс ирж сэргээх ажлуудыг нь хийж байна. Одоогоор Шинжлэх ухаан академийн палеонтологийн төв, Төв музей, Нийслэлийн гааль, “Бодь даатгал” компани, “Туушин” компанийнхан болон цагдаагийнханы харуул хамгаалалтын доор бүртгэлийн ажил хийж байна. Мөн “Үлэг гүрвэлийн түр музей”-г барьж, засч байгаа компаниуд оролцож байна.

-Эцсийн байдлаар Батаар хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ?

-Энэ хурдаараа гаалийн бүрдүүлэлт хийх юм бол бүтэн гурван өдрийн ажил байх шиг байна. Угсралттайгаа нийлээд гурав хоног болох болов уу. Үүний дараа эргэн тойрны ханан дахь үзмэрийг байршуулах гээд хоёр хоног болох байх. Ингээд тав, зургаа хоногийн дараа бэлэн болно гэж төлөвлөөд байна. Бидний товлосон хугацаа бол зургадугаар сарын 8. Энэ хугацаанд амжихаар хичээж ажиллаж байна.

-Үлэг гүрвэлийн түр музейн тасалбарын үнэ хэд байх вэ?

-Үлэг гүрвэлийн төв музейн хамт олон түр музейг ажиллуулах учраас шийдвэрийг тэд гаргана. Тодорхой хэмжээний үнэтэй тасалбар гаргах байх.  Гэхдээ найм хүртэлх насны хүүхдүүд, ахмадуудад үнэгүй үзүүлнэ гэсэн шийдвэр гаргасан байсан. Гэхдээ бусад насныханд тийм ч үнэтэй биш, тодорхой хэмжээний үнээр тасалбар борлуулан үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Шинжлэх ухааны академийн Палеонтологийн төвийн лабораторийн эрхлэгч, доктор Х.Цогтбаатартай уулзаж, Батаарын гэмтсэн хэсгүүдийн засварын ажил болон түр музейн талаар ярилцлаа.

-Тээвэрлэлтийн явцад бага зэргийн гэмтэл үүсч, зарим хайрцагт байгаа олдворыг  сэргээн засварлах шаардлагатай болсон гэж байна. Ямар гэмтлүүд үүссэн байна вэ?

-Ер нь бол онгоцоор битгий хэл гар дээрээ бариад ирсэн ачаа, бараа ч бага зэрэг эвдрэх тал байдаг л даа. Батаарын тухайд бүр хэнд ч хэрэггүй болтлоо эвдэрсэн зүйл байхгүй. Ганц нэг сэртэн хугарсан тал харагдаж байна. Шинжлэх ухаан академийн Палеонтологийн төвөөс энэ ажилд мэргэжлийн туслалцаа үзүүлэхээр бүх багаараа ирээд ажиллаж байна. Сэргээн засварладаг мэргэжлийн хүмүүс энэ ажлыг гардан хийж байна.

-Олдворыг түр музейд тавиад, нийтэд дэлгэх шаардлага хангасан уу?

-Музейн шаардлага бол их өндөр. Тэр тусмаа энэ олон сая жил хадгалагдсан, чулуужсан олдворын хувьд дэлхий нийтэд баримталдаг, тусгай, тогтсон  стандарт гэж бий. Тэр талаас нь ойртуулах гэж бид  мэргэжлийн зөвлөгөө өгч байна. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр манайд үүнийгээ дэлгээд үзүүлэх боломжтой газар алга. Тэр битгий хэл Байгалийн түүхийн музейд хүмүүст үзүүлдэг байсан үзмэрүүдийн байшин, барилга нь актлагдаад зургадугаар сарын 1-нээс хаагдлаа. Тэгэхээр Монголд өөрсдийгөө үлэг гүрвэлийн олдворуудыг үзэх ёстой гэж бодож ирдэг хүмүүст Монголын бахархал болсон зүйлээ ямар нэгэн хэмжээгээр үзүүлэх хэрэгтэй шүү дээ. Сүүлийн үед дэлхийн цөөхөн хэдхэн оронд л үлэг гүрвэлийн үзмэрийг дэлгэн үзүүлж байна. Монгол эхний гуравт жагсдаг. Тэр талаасаа үүнийг аль болох тохирсон маягаар нь байшин барилгыг нь янзлуулах талаар зөвлөгөө өгөөд байж байна.

-Гэрэлтүүлгийн асуудлыг буруу шийдсэн байна гэж яригдаж байсан. Яг ямар гэрэл байх ёстой юм бол?

-Үлэг гүрвэлийн түр музейг харахад спорт юм уу, бүжгийн заал шиг хийчихсэн харагдлаа. Харамсалтай нь үүнийг бидэнд эрт хэлсэн бол эхнээс нь зөвлөгөө өгөөд явах байсан юм. Хэлэхгүй байсаар хугацаа алдан өнгөрсөн баасан гаригт тулгаж бидэнд хандан “та нарын туслалцаа” хэрэгтэй боллоо гэж хэлсэн. Мэдээж энэ чинь Монголын нүүр царайтай холбоотой учраас бид мэргэжлийн байгууллагын хувьд туслалгүй яахав. Тулсан нь ч гэсэн чадах чинээгээрээ зөвлөгөө өгөөд байж байна. Гэрэлтүүлэг бол маш чухал. Учир нь амьд зүйл биш, чулуужсан олдворыг дангаар нь харах юм бол жаахан уйтгартай шүү дээ. Үүнийг хүнд үзүүлдэг үзмэр болгохын тулд гэрэлтүүлгээр шийддэг дэлхий нийтийн жишиг байна. Манай байгууллага дэлхийн 30 гаруй орны 60-аад хотод үзэсгэлэн гаргасан туршлагатай.

-Байгалийн түүхийн музейг акталсан. Тэнд байгаа үзмэрүүдийг хэрхэх вэ?

-Байгалийн түүхийн музейн бүх үзмэрүүд 1980 оноос өнөөдрийг хүртэл манай мэдэлд байдаг бөгөөд бид арчилж хамгаалж ирсэн. Үүнийгээ нийтэд тавьж үзүүлэхдээ Байгалийн түүхийн музейд байршуулсан байсан. Манай лабартори бол Сээр нуруутны палеонтологийн чиглэлийн дэлхийд байдаг ижил төстэй лабарториудтай энэ зэрэгцэх хэмжээнд очсон. Ганцхан харамсалтай нь жилээс жилд цуглаж байгаа энэ олдвор цуглуулгууд маань улам их болсонтой холбоотойгоор багтаамж маань хүрэлцэхгүй, хадгалдаг байр бага болоод байгаа юм. Гэхдээ бид Байгалийн түүхийн музейн үзмэрүүдээ хурдан л гаргаж авах хэрэгтэй. Учир нь нурж магадгүй гээд акт тогтоосон шүү дээ. Хэрвээ Лениний музейн асуудал шийдэгдэх юм бол тэнд тавьж үзүүлэх бодолтой байна.

-Хэрвээ тэр асуудал нааштайгаар шийдэгдэхгүй бол?

-Лабарторитоо хадгална даа. Тэнд Монгол Улсын эртний  амьтан, ургамалын сан хөмрөг хадгалагддаг. Бид жижиг үзмэрийн хэсэгтэй. Түүнийгээ агуулах болгож ашиглах байх даа.

-Энэ тал дээр яаманд хандаж үзсэн үү?

-Яам үүнд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Гэхдээ байрны асуудал шийдэгдэхгүй Ленины музейн тухай яригдаад байгаа шүү дээ.

-Ленины музейгээс өөр үзмэрээ байршуулах талбай Улаанбаатарт байхгүй гэж үү?

-Хэрвээ миний санаагаар болдог бол түр үзэсгэлэн гаргах савнууд зөндөө болсон шүү дээ. Түүнд нь мөнгө төгрөг төлөөд эзэд нь амбиц гаргахгүйгээр тавиад барилгын асуудал шийдтэл хүмүүст үзүүлбэл хэрэгтэй л юм байгаа нь. Жишээлбэл, Мишээл төв гээд байна. Түүний тодорхой хэсгийг тусад нь болгоод хийдэг ч юм уу. Ялангуяа хүн их цуглах газар л үүнийг үзүүлэх ёстой юм. Түүнээс биш захын хороолол юм уу ууланд аваачаад хүн үзэхгүй. Яахав жуулчид холоос мөнгөө төлөөд ирдэг болохоор нэгдсэн аяллын чиглэлийн дагуу автобусаар очоод үзэх байх. Монголын ард түмэн санаа гаргаад очих нь бага болов уу. Цөөхөн боломжийн хүмүүс бол очих байх. Хүүхэд багачууд гэдэг ч юм уу, нийт хүмүүс бол очихгүй л байх л даа.

-Богд ууланд үлэг гүрвэлийн музей байгуулна гэдэг асуудлыг та мэргэжлийн хүний хувьд буруу гэж дүгнээд байгаа юм аа даа?

-Манайх шиг соёл, боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн хүмүүнлэг чиглэлийн юмандаа бага анхаардаг улсад хотоос музейг гаргах нь тохиромжтой биш. Олон хүн амтай, суурьшсан том хотууд бол төвлөрөлийг сарниулах үүднээс музейгээ хотоос гадагш хийдэг туршлага бий болсон юм. Үүнийг дууриаж музейгээ ууланд аваачаад тавьбал хүн очихгүй гэдгийг баттай хэлж чадна. Хотын төвд 1981 оноос хойш Байгалийн түүхийн музейд үзмэрээ байршуулаад байхад л манайхан чинь төдийлөн сайн үзэж чадаагүй, дутуу мэдсээр үүнийгээ сүйтгэх зүйл ч их гарсан. Хүмүүсийнхээ бахархал болсон зүйлийг ойлгодог болоход төр улс анхаарах ёстой.

Сонирхуулахад, одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2012 оны тавдугаар сарын 18-нд Нью-Йорк хотноо Тарбозавр Батаар дуудлага худалдаанд орох гэж байсан. Уг мэдээлэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонорт хүрч, тэр даруйд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсынхаа нэрийн өмнөөс нэхэмжлэл гарган шуурхай ажилласны үр дүнд буцаан авсан 70 гаруй сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдвор өнгөрөгч тавдугаар сарын 17-ны баасан гаригийн шөнийн 23:15 цагт эх орондоо эргэн ирсэн юм. Өнгөрсөн тавдугаар сарын 6-нд АНУ-ын Нью-Йорк хотнoo Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг Монголын тал хүлээн авснаас хойш 11 хоногийн дараа “Кореан эйр” компанийнхан өөрийн онгоцоор үнэ төлбөргүй тээвэрлэн Улаанбаатарт авчирсан.

Г.ДАША



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж