Теле-медициныг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Теле-медициныг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Баасан гаригт Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Швейцарийн мэс засалчдын багийнхантай уулзлаа. 1998 оноос эхлэн Швейцарийн мэс засалчдын баг Монгол улсад ирж байгаа бөгөөд өнгөрсөн 12 жилийн хугацаанд бидний хамтын ажиллагаа өргөжин тэлж 24 монгол эмчийг Швейцарид мэргэжил дээшлүүлээд байгаа ажээ. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, телемедициныг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаа гэдгээ уулзалтын үеэр илэрхийллээ.
Телемедицин гэдэг нь хоорондоо техникийн талаар уялдаа холбоогүй буюу төвөөс алслагдсан эмнэлгүүдтэй мэдээлэл солилцох хамгийн энгийн тохиромжтой үйлчилгээ юм. Энэ систем нь эмнэлгүүдтэй ямар ч үед аль ч байрлалаас холбогдох боломжтой байдгаараа үйлчлэх хүрээг өргөтгөх боломжийг бий болгодог байна.
Нийт 29 гишүүнтэй Швейцарийн мэс засалчдын баг Монгол улсад ажиллах 20 хоногын хугацаандаа УКНЭ, Хавдар судлалын Үндэсний төв, ЭНЭШТ болон Орхон аймгийн БОЭТ-д бүсийн аймгуудын мэс засалч болон мэдээгүйжүүлэгч эмч нар, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт говийн таван аймгийн мэс засалч мэдээгүйжүүлэгч эмч нарт сургалт зохион байгуулжээ. Сургалтад оролцсон эмч нарт нийтдээ 4 кредитийн сургалт явуулсан бөгөөд 300 гаруй хагалгаа хийж эмч нарын онол практикийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэв.
Түүнчлэн ЭНЭШТ-д   хэт авиан оношлогооны таван эхо аппарат бэлэглэсэн бөгөөд таван хүүхдийн түнхний мултралыг эрт оношлон сургалт явуулжээ. Алсын зайн оношлогооны тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, өвчтний ор, тэргэнцэр, хагалгааны өрөөний гэрэл, унтуулгын аппарат, боолтын материал зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг эмнэлгүүдэд хандивласан байна.
Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж