2009 онд 700,000 Монгол Хятадыг зорьж, 200,000 Хятад иргэн Монголд иржээ

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

2009 онд 700,000 Монгол Хятадыг зорьж, 200,000 Хятад иргэн Монголд иржээ

Хятадын ерөнхий сайд Вэн Зиабаогийн айлчлал хөрш хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж байна гэж олон улсын хэвлэл мэдээллүүд бичиж байна. Хятадын ерөнхий сайд ийнхүү 16 жилийн дараа Монголд айлчилж байгаа юм гэж БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Юу Хонгяао Хятадын “Синьхуа” агентлагт өгсөн ярилцлагадаа ярьжээ. Монгол-Хятад хоёр улсын хамтын хүчин чармайлтын үр дүнд хоёр улсын хоорондын улс төрийн харилцан итгэлцэл бэхжиж, худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжсөн. Хятад улс Монголтой харилцах харилцаагаа хүндэтгэн үздэг, Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг бөгөөд Монголчуудын сонгосон хөгжлийн замыг бүрэн дүүрэн дэмждэг гэж элчин сайд ярьж байсан. Түүнчлэн Монгол Улс Хятадыг дипломат бодлогынхоо нэг чухал чиглэл гэж үздэг бөгөөд Хятадын ашиг сонирхлыг хүндэтгэн дэмжиж, Тайвань, Төвдийн асуудлаарх Хятадын нэг Хятад бодлогыг дэмждэгт талархдаг гэжээ.
1998 онд хоёр улсын худалдааны харилцаа 243 сая ам.доллараар тооцоологдож байсан бол 2008 онд хоёр тэрбум 438 сая ам.доллар болсон. Энэ нь дангаараа Монголын гадаад худалдааны эргэлтийн 47.4 хувь болж байна. Хятадын бараа бүтээгдэхүүн Монголын зах зээлд эрэлттэй байдаг бөгөөд Монголоос экспортолсон байгалийн баялгийг Хятадын эдийн засгийн хөгжлийг дэмжихэд ашигладаг. Өөрөөр хэлбэл хоёр улс худалдаанаас харилцан ашигтай ажиллаж чаддаг. Хөрш улсуудын хооронд иргэдийн зорчих, аялах хэмжээ нэмэгдсээр байгаа бөгөөд 2009 онд 700,000 Монголын иргэн Хятадын хилээр нэвтэрсэн бол Хятадын 200,000 иргэн Монголд ирсэн гэж Хятадын элчин сайд ярьжээ.

Уулзалтын үеэр Хятадын ерөнхий сайд хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж уул уурхайн салбар дахь харилцаагаа хөгжүүлэх ач холбогдлын талаар ярьсан. Мөн Хятад-Монголын хамтарсан чөлөөт худалдааны бүс байгуулах санал тавьсан бөгөөд энэ асуудлыг судлах судалгааны ажил хэрэгжүүлэх асуудлаар саналаа илэрхийлсэн. Хоёр улсын иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх талаар ярилцсан ба ирэх таван жилд Монголын 2,000 оюутанг Хятадын засгийн газрын тэтгэлэгээр Хятад сургах боломжтойг илэрхийлсэн. Түүнчлэн Монголын 300 залуучыг Хятадад айлчлахыг урьсан бөгөөд Монгол-Хятадын хооронд залуучууд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх бололцоо байгаа талаар ярьсан. Уулзалтын үеэр Монголын ерөнхий сайд С.Батболд Монгол–Хятадын харилцаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлсэн бөгөөд Тайвань, Төвдийн асуудал дээр Монгол улс Хятадын засгийн газрын байр суурийг тууштай дэмжихээ илэрхийлсэн. Түүнчлэн Монгол улс газар хөдлөлтөнд нэрвэгдсэн Хятадын Чинхай мужийн 60 оюутныг хүлээн авч сургах тухай саналаа илэрхийлсэн.

Монголд айлчлахдаа Вэн Зябао сайд нийтдээ есөн гэрээнд гарын үсэг зурсан. Хоёр талын удирдагчид Монгол-Хятадын хилийн дэглэмийн тухай гэрээнд болон эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай бусад гэрээнүүдэд гарын үсэг зурсан. Байгуулсан гэрээнүүдийн нэг нь Монгол улсад санхүүгийн үйлчилгээ, уул уурхайн салбараа хөгжүүлэхэд нь Хятад улс 500 сая ам.долларын зээл олгох тухай гэрээ байв. Мөн уулзалтын үеэр цөмийн салбарт хоёр улс хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд Хятадын цөмийн корпорац, Монголын Цөмийн эрчим хүчний агентлагтай гэрээ байгуулсан байна гэж “Ассошиетс Пресс” агентлаг мэдээлжээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж