“Ардчиллын өргөө”-нд 48 сая төгрөг хандивлажээ

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

“Ардчиллын өргөө”-нд 48 сая төгрөг хандивлажээ

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд Ардчилсан нам, ард түмний хандиваар Ардчиллын өргөө цогцолборыг бүтээн босгохоор ажилдаа ороод удаж байгаа. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд иргэд, олон нийт 80 гаруй сая төгрөгний  хандив өгчээ. Энэ ажлын хүрээнд өнгөрөгч бямба гарагт “Ардчиллын өргөө-Ард түмний өргөө” үзэсгэлэн худалдааг  Сүхбаатарын талбайд зохион байгуулсан тухай бид мэдээлсэн. Өдөрлөгт Ардчисан намын дарга, Тэргүүн шадар сайд  Н.Алтанхуяг, намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, болон УИХ-ын гишүүд, намын Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ-ны гишүүд оролцсон. Өдөрлөгийн үеэр Ардчилсан намыг анх байгуулагдахаас эхлээд өдгөөг хүртэл хэрэглэгдэж байсан  сейф болон, 20 жилийн ойн бэлгэдэл бүхий 20 дугаартай Ардчиллын өргөөний тоосгыг наймаа панз үсэргэдгээрээ олны танил болоод байгаа панз Юндэн, Нансалмаа нар дуудлагаар худалдсан юм. Их өрсөлдөөнтэй явагдсан дуудлага худалдаагаар намын анхны эд хогшлын нэг болох сейф   500 мянган төгрөг, 20 дугаартай Ардчиллын өргөөний тоосго 1 сая төгрөг хүрч олныг гайхуулжээ.
“Ардчиллын өргөө- Ард түмний өргөө”-нд иргэд олноор хандив өргөж, үнийн дүндээ тохирсон дурсгалын зүйлс болон сугалаа авсан байна. Харин сугалааны хонжворт есөн хандивлагч азтан болж, гурван хүн 100 мянган төгрөг, хоёр хүн 150 мянган төгрөг хожжээ. Мөн гар утас, иж бүрэн компьютер, 32 инчийн LCD телевизорийг иргэд тус тус хожсон байна. “Ардчиллын өргөө – Ард түмний өргөө” үзэсгэлэн худалдаанд оролцсон иргэд 50 төгрөгөөс 500 мянган төгрөг хүртэл хандивлаж, нийт 5000 гаруй хандивлагч  48 сая төгрөгийн хандив өргөсөн байна. 

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж