
Өнгөрсөн оны байдлаар манай улс нийт 1.2 тэрбум ам.долларын түлш шатахууныг импортолжээ. Цаашид улс орны эдийн засаг, ялангуяа уул уурхай, дэд бүтцийн салбарын өсөлттэй уялдан түлш шатахууны хэрэглээ улам бүр нэмэгдэх нь судалгаагаар харагдаж байгаа аж. Иймээс өсөн нэмэгдэж буй энэхүү хэрэгцээг хангах түлш шатахууны үйлдвэрийг дотооддоо барьж байгуулах нь манай улсын хувьд нэн тэргүүний зорилт болж байгаа тул түлш шатахуун үйлдвэрлэх үйлдвэр барьж байгуулахаар ажиллаж байгаа хувийн болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төрөөс бодит дэмжлэг үзүүлэх шаардлага тулгарч байна. Үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмж, түүний сэлбэг, тусгай зориулалтын барилгын материалыг импортлоход нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх замаар татварын таатай орчин бүрдүүлж өгөх нь газрын тосны бүтээгдэхүүний импортыг орлох дотоодын үйлдвэрийг барьж байгуулан импортын хараат байдлаас гарахад томоохон түлхэц болно гэж Засгийн газар үзэж байгаа аж. Эдгээр шаардлагад үндэслэн газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төслийг боловсруулсан байна.