
Уралдаанд 6-10 хүртэлх насны багачууд морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, монгол ардын уртын дуу, наадам, хөөмэйн урлаг, бүргэдийн баяр буюу шувуучлахуй, Монгол ардын бүжиг-бий биелгээ, Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа (Лимбэчин) зэрэг сэдвийн хүрээнд бүтээлээ өрсөлдүүлсэн байна. Уралдааны шүүгчээр Монголын урчуудын эвлэлийн хорооны зураач Б.Баярт-Од, Монголын Хүүхдийн ордны уран зургийн багш Г.Батбаяр болон ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан ажиллажээ. Энэхүү “Соёлын өв хүүхдийн нүдээр” уран зургийн уралдаан нь уран зураг сонирхогч хүүхэд багачуудын авьяасыг нээн илрүүлж дэмжих, Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет бус өвүүдийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, цаашлаад соёлын боловсрол олгоход ач холбогдолтой тухай албаныхан онцолсон юм.