Засаг нэг алхам хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.06.02-нд нийтлэгдсэн

Засгийн газраас орон сууцны зээлийн ерөнхий журмыг баталсан нь хүлээлтэд шилжээд байсан 8 /±1/ хувийн хүүтэй зээл хэрэгжих боломжийг нэг алхмаар урагшлууллаа. Журамд тусгаснаар ажилтай, орлоготой хэн боловч 80 м2-аас ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 /±1/ хувийн хүүтэй зээлээр авах боломжтой болж байгаа юм. Ингэхдээ тухайн худалдан авах орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийн 10-30 хүртэл хувийг төлөх үүрэг хүлээнэ. Өнгөрсөн хугацаанд хэрэгжиж ирсэн урт хугацаат моргейжийн зээлд хамрагдсан иргэдийн хувьд урьдчилгаа төлбөрт 10 хувийг төлж байсан бол одоо боломжтой нөхцөлд 30 хүртэл хувийг төлж үлдэж байгаа зээлээ хөнгөлөх бололцоо бүрдэж байна.

Мөн зээлийн барьцаа нь худалдан авч буй орон сууц нь байхаар журамд тодорхойлж өгснөөр банкнаас зээл авах иргэдийн хувьд давхар үл хөдлөх хөрөнгө барьцаалах шаардлагагүй болж буй юм. Энэ нь урт хугацаагаар зээл авч орон сууцтай болох боломжийг эрэлхийлж байгаа иргэдийн хувьд хамгийн том боломж, давуу талыг бий болгоод байна. Учир нь өмнөх Засгийн газрын үед хэрэгжсэн моргежийн зээлийн хувьд шинээр худалдан авах орон сууц нь барьцаа болохын зэрэгцээ давхар дахин орон сууц барьцаалж байж банкнаас 20 хүртэл жилийн хугацаатай 50 хүртэл сая төгрөгийн зээл авах нөхцөл бүрддэг байв. Дээр нь моргейжийн зээлийг зөвхөн Төрийн банкаар дамжуулан олгодог байсан нь танил талгүй хүнд 50 хүртэл сая төгрөгийн зээл гаргуулж авна гэдэг амаргүй даваа байв. Харин одоо зээл хэрэгжсэн нөхцөлд иргэд банкаа сонгон зээлээ хаанаас ч авах боломж бүрдлээ.

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өслөө

Засгийн газраас орон сууцны үнийг бууруулах зорилгоор хэд, хэдэн чиглэлийн арга хэмжээг авч байгаа ч одоогоор үр дүн нь харагдахгүй байна. Сар, сараар орон сууц, хашаа байшингийн үнэ тэнгэрт хадаж, жирийн иргэдийн хувьд орон сууцанд амьдрах хүсэл нь мөрөөдөл болон хувирч, газар худалдан авах боломж нь хумигдах болов. Жишээ татвал, Чингэлтэй дүүргийн Телевизийн эцэст ердөө 204мкв хэмжээтэй хоосон хашаа 25 сая төгрөгөөр үнэлэгдэх болсон бол хуучин байшинтай газар Сонгинохайрханд 70 сая төгрөгт хүрч байна. Ердөө жилийн өмнө хоосон хашаа таван сая төгрөгөөр үнэлэгдэж байсан бол одоо тав дахин нугарч, орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрийн 30 хүртэл хувийг хийх хэмжээтэй мөнгийг хоосон 204 м.кв хэмжээтэй газар худалдан авахад өгөх болж байна. Ийм нөхцөлд бага, дунд орлоготой иргэд ямар арга замаар орон сууц худалдан авах вэ. Дундаж давхаргыг бүрдүүлж байгаа эмч, багш нарын сарын орлогоор тооцож үзэхэд “Москва” хорооллоос хоёр өрөө орон сууц худалдан авахын тулд банкнаас 85 сая төгрөгийн зээл авах болж байна. Засгийн газраас гаргасан журмаар иргэд хуучин орон сууцыг урт хугацаат зээлээр худалдан авах боломжтой болсон ч сарынх нь орлого 400.000-500.000 төгрөг дотор эргэлдэх иргэн Доржийн хувьд санаа байвч сачий хүрэхгүй нь. Учир нь 85 сая төгрөгийн үнэтэй орон сууц худалдан авахад сарынх нь орлого хүрэхгүй учраас нэг өрөө байр руу л зүтгэж үзэх болж байна. Гэтэл өнөөдөр нэг өрөө 28.9 мкв-т орон сууц бараг 60 сая төгрөгөөр үнэлэгдэх. Талбайн хэмжээгээр таван ханатай гэрээс ялгараад байхгүй шахам нэг өрөө байрыг 20 жилийн хугацаатай авна гэдэг арай л хэтийдсэн хэрэг биш гэж үү. Инфляциас шалтгаалж 8 хувийн хүү дээшээ өсч жилийнх нь 9-рүү ч үсэрч болно. Инфлци бага байвал 7-руу бууна. Ингээд бодохоор авсан 60 сая төгрөгийн зээлийг 20 жилийн хугацаанд эргүүлэн төлөхөд бараг л энэ зээлээ дахин өсгөж төлөх болж байгаа. Ийм нөхцөлд бага, дунд орлоготой иргэдээс хэд нь орон сууцны зээлд хамрагдах бол…  Сар, сараар үнэ нь өсч байгаа үл хөдлөх хөрөнгийн хөөсийг буулгаж бодит үнэ дээр нь авааччихвал Шинэчлэлийн Засгийн газрын ипотекийн зээл жинхэнэ утгаараа хэрэгжинэ. Хоёр дахь алхмыг хэзээ хийх вэ, сайд нар аа. Иргэд хүлээж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж