Кофейнд донтсон дэлхий

Хуучирсан мэдээ: 2013.06.02-нд нийтлэгдсэн

АНУ-д  хөнгөн зууш болон эрч хүчний ундаанд агуулагдах кофейний зохист хэмжээг тогтоохоор мэргэжилтнүүд судалж байна. Тус сэргээгч бодисыг сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд  ихээр хэрэглэх болсон нь  хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг  судлах шаардлагыг бий болгожээ.

Кофейн сэтгэцэд нөлөөлдөг үү

Сэтгэцэд нөлөөлдөг мансууруулагч бодисуудаас кофейн нь манай дэлхий дээрх  хамгийн өргөн хэрэглэгддэг бодис  болохыг “New Scientist” сэтгүүл онцолжээ. Зөвхөн АНУ-д л гэхэд нийт насанд хүрэгчдийн 90 гаруй хувь нь үүнийг өдөр бүр хэрэглэдэг гэсэн тооцоолол гарчээ. Гэвч Coca-cola, Starbucks, 5 hour energy shot зэрэг бүтээгдэхүүний эх орон болсон АНУ, өрмөнцөр, буурцагны царцмаг зэрэг өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүнд тус бодисыг нэмж оруулах эсэхдээ эргэлзэж байгаа аж.

Мөн АНУ-ын Хүнс болон Эмийн бүтээгдэхүүний Холбооны агентлаг(FDA) Wrigley хэмээх бохьны компанийг “Муу үлгэр дууриал“ болгон цохжээ.  Боодол бүртээ найман ширхэгтэй тус  бохийн нэг ширхэг бүрт  тал аяга кофетэй  тэнцэх кофейн агуулагддаг байна. Үүнээс үүдэн Wrigley компанийнхан тус бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг түр зогсоохоо мэдэгджээ. Энергийн ундаа уусны  дараа түргэн тусламжийнханд  хандах  хүмүүсийн тоо 2011 онд 20000 байсан бол  өнөөдөр  даруй хоёр дахин нэмэгдснийг Бодисын хэт хэрэглээ, сэтгэцийн эрүүл мэндийн газраас тогтоосон байна.

Гэсэн ч эрч хүчний ундаа үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ аюулгүй бөгөөд хүний биед хортой нөлөө үзүүлдэг гэсэн баталгаа байхгүй хэмээн мэдэгдсээр  байгаа юм. Хэдийгээр кофейнийг хэтрүүлэн хэрэглэж хордлогод орсон тохиолдлууд бүртгэгдсэн ч  энэ нь ховор тохиолдол юм. “Johns Hopkins” их сургуулийн эрдэмтэд тус бодисын донтуулагч шинж чанаруудыг судлаад, ядаргаа, толгойн өвчин, анхаарал төвлөрөлт сулрах, булчин өвдөх, дотор муухайрах зэрэг сөрөг шинж тэмдгүүд илэрдэг болохыг тогтоожээ. Гэвч кофейний хэрэглээ хортой гэсэн шинжлэх ухааны нэгдсэн дүгнэлт, баталгаа одоохондоо байхгүй.

Нөлөөллийг судалсаар байна

Харвардын их сургуулийн Олон нийтийн  эрүүл мэндийн тэнхимийн хийсэн   судалгаагаар “Кофе уух нь эрүүл мэндэд ноцтой  нөлөө үзүүлдэггүй бөгөөд өдөрт зургаан аяга хүртэл  кофе уусан ч энэ нь үхэлд хүргэх  эрсдлийг нэмэгдүүлэх шалтгаан болохгүй” гэжээ.

Цаашилбал, зохистой хэрэглэвэл кофейн нь түрүү булчирхай болон хөхний хорт хавдар тусах эрсдлийг бууруулах эерэг нөлөөтэй байх магадлалтай аж. Мөн тус судалгаанд кофе болон цай уух нь хоёр төрлийн чихрийн шижин өвчин  тусах эрсдлийг багасгадаг болохыг харуулжээ.  

Үүнээс үүдэн   FDA, кофейн хэрэглээний “Аюулгүй түвшин”-г тодорхойлохоо амлаад байгаа юм. Мөн Жорж Вашингтоны их сургуулийн Улсын эрүүл мэнд болон эрүүл мэндийн үйлчилгээний тэнхмийн мэргэжилтэн   Лэйн Голдмэн “Олон хүн  кофейнийг хэр их хэрэглэж буйгаа мэддэггүй. Тиймээс тэд өөрийн мэдэлгүй  нойргүйдэл, ходоодны хямрал, цусны даралт ихсэх зэрэг өвчинд аажимдаа нэрвэгддэг  ” гэжээ. Энэ нь ялангуяа эцэг, эхчүүдийн санаа зовних асуудал болоод байгаа юм. Учир нь,  хүүхдүүдийнхээ хэрэглээг зохицуулна гэдэг тэдэнд хүндрэлтэй байдаг.

Аризона их сургуулиас гаргасан судалгаа

Өдөрт дунджаар 400 мг донтуулагч хэрэглэж байна

Гэхдээ жил бүр 120.000 тонн кофейн  хэрэглэдэг манай гаригийнхныг зогсооно гэдэг амаргүй даалгавар байх биз.  Дэлхийд кофейний хэрэглээгээрээ тэргүүлдэг Финлянд улсад, насанд хүрэгчид өдөрт дунджаар 400 мг буюу 4-5 аяга кофетэй тэнцэх хэмжээний донтуулагч бодис хэрэглэдэг байна. Энэ нь Их Британийн Хүнсний стандартын агентлагаас гаргасан  дээд хэмжээтэй тэнцэж байгаа юм.

Финляндад кофейн ихтэй энергийн ундаа анхааруулгын  шошготой байх шаардлага тавьдаг. Энэ журам Европын холбооны улсуудад 2014 оноос хэрэгжинэ хэмээн мэдэгдсэн ч тэдэнд донтуулагч бодисын далд өсөлт төвөг учруулсаар байгаа аж. Ихэнх кофейн хэрэглэгчийн хувьд давуу тал нь оюун ухааныг сэргээж, ажлын бүтээмжийг дээшлүүлэх  ашиг тустай гэж боддогт оршдог. Энэ шинж чанарын гол онцлог нь хүнийг  ердийн бус болгодог гэж “Согтууруулах ундаа, кофейний удамшил ба шинжлэх ухаан” номын зохиогч Стэфэн Браун хэлсэн байна.

Тэрбээр “Кофейний бусад бодисоос ялгарах шинж нь согтууруулах ундаа, олсны ургамал шиг зугаа цэнгэлд бус бүтээмжийг дээшлүүлэх арга гэдгээр нь хэрэглэдэгт оршдог.  Энэ нь ч   ашгийг нэмэгдүүлж байдаг.

Алдартнуудын “онгод”-Кофейн

Перу, Боливи улсад  жирийн ажилчид коканий навч зажилж ,   ажиллах эрч хүчээ сэргээдэг байна. Европт аж үйлдвэрийн хувьсгалын эхэн үед, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх өрсөлдөөн ид өрнөж байсан учир  кофейний нэр алдар хурдацтай өссөн ажээ.

Мөн түүхэн дэх бүтээлч санааны ихэнх нь кофейн хэрэглээнээс үүдэлтэй байх нь элбэг байжээ. Францын нобелийн шагналт, жүжгийн зохиолч Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг гэж намтарт нь тэмдэглэсэн байдаг. Тэрбээр “Кофе байгаагүй бол нэг ч зохиол бичих боломжгүй байсан, энэ нь яг л амьдралгүй байх байсан гэж хэлэхтэй л адил” гэжээ.

Мөн кино бүтээгч Дэвид Линч  Лос Анжелест долоон жил тогтсон зоогийн газартаа хоол идэх тоолондоо,  суурин дээр нь чихэр ихтэй долоон аяга кофе уучихдаг байсан нь   олон санааных нь сэдэл болж өгдөг байсан хэмээсэн байдаг.

Людвиг ван Бетховен кофе чанахдаа, нэг аяганд яг 60 ширхэг кофений үр уйгагүй тоолж хийдэг байснаа дурссан байна. Харин өнөө үеийн үлгэр дууриал болох дуучин  Робби Уйльямс өдөрт 20 лааз  “Red Bull”, 36 хос “Espresso” хэрэглэдэг байна.
 “Кофейний сэргээгч чанар их байх нь  хүмүүст чухал ач холбогдолтой” гэдгийг   Уран бүтээлчид хэрхэн ажилладаг вэ” номын зохиогч Мэсон Кюри хэлжээ.

Мөн тэрбээр “Олон уран бүтээлч бүтээл туурвих  онгодоо өдөөхийн  тулд”  кофег  гараараа бэлддэг байна.  Энэ нь тэдний хувьд бүтээлдээ хүрэх гүүр болдог аж. Цай эсвэл кофе бэлтгэх үйл явц нь уран бүтээлдээ анхаарал хандуулж, өөрөө өөртөө нэвтрэх нэг төрлийн оюун ухааны бэлтгэл ажил байдаг” хэмээжээ.

Хориглож чадаагүй

Тус бодисын тархалтыг хориглох оролдлогууд цөөнгүй гарч байсан ч талаар болсоор байна. АНУ-ын Засгийн газар 1911 онд Кока кола компанийн бүтээгдэхүүнд  кофейний агууламж хэтэрхий их буюу эрүүл мэндэд хортой хэмжээнд байна хэмээн  шүүхэд өгсөн ч  Кока кола ялсан байдаг.
 
Тус бодисын хэрэглээг хориглоход  нь хүмүүсийн биеийн физиологи, бодисын солилцоо харилцан адилгүй байдаг учир хүн бүрт кофейн өөр, өөрөөр нөлөөлдөг байдал нь асуудал болдог байна.  Иймд зөвшөөрөгдөх “аюулгүй хэмжээг” тодорхойлж, зөвлөх боломжгүй байдаг ажээ.

Ер нь та өөрөө өөртөө эрдэмтэн байх ёстой бөгөөд тодорхой хугацаанд  хэр хэмжээний  кофе эсвэл цай шингээж чадахаа тодорхойлох хэрэгтэй юм байна. Гэвч үр нөлөө нь  тодорхойгүй энергийн ундаа, кофейнтэй хүнсний бүтээгдэхүүний хувьд хамааралгүй гэдгийг хэлэх хүн бий. Үйлдвэрлэгчид эдгээр бүтээгдэхүүнүүдийг үр ашигтай гэдгийг баталж болох  ч, кофе болон цайны нууцлаг нөлөөллийг хэзээ ч эзэмшиж чадахгүй гэх хүмүүс бий . Дэлгүүрээс  “5 цаг” энергийн ундааг худалдаж авах нь  кофе нэрж уухтай жиших асуудал биш. Өөрөөр хэлбэл, тэд бие биенийгээ үгүйсгэх эсвэл зах зээлээс шахах бүтээгдэхүүн биш юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж