Далай аварга цолыг хасах уу?

Хуучирсан мэдээ: 2013.06.01-нд нийтлэгдсэн

Далай аварга цолыг хасах уу?

“Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг дэмжлээ

Засгийн газрын хуралдаан хуваарь ёсоор өнөөдөр болох байсан ч Хүүхдийн баярын өдөр таарсан тул пүрэв, баасан гаригт ээлжит бус хуралдаан хийсэн байгаа.

Өчигдөр хуралдсан ээлжит бус хуралдаанаар “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэж, улмаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын нэр бүхий гишүүд Үндэсний
баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг
өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан нь баяр наадам дөхсөн энэ өдрүүдэд анхаарал татсан сэдэв болоод байна.

УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн санаачлан боловсруулсан “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар Засгийн газрын хуралдаанаас тогтжээ. Энэ хуулийн төсөлд улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх 9 давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгох, түүнчлэн улсын баяр наадамд 8 давж 3 удаа үзүүрлэсэн бөхөд арслан, арслан цолтой бөх 2 удаа 8 давж үзүүрлэсэн бол аварга цол олгохоор заажээ. Харин 2003 оноос хойш бий болсон далай аварга цолыг олгодоггүй болгохоор хуульчлахаар тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний бөхийн цол чимгийн агуулга сайжирч, бөхчүүдийн өрсөлдөөн, барилдааны чанарт өөрчлөлт гарна гэж хууль санаачлагч үзэж байгаа юм байна.

“Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр Хэлэлцэх асуудлын хуваарьт оруулжээ. Тэгэхээр уг хуулийн төслийг батлавал энэ жилийн наадмаас эхлэн бөхчүүдийн цол олгоход гарах өөрчлөлт, хуулийн шинэчлэгдсэн заалтыг хэрэгжүүлж магадгүй юм.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж