Хүүхэд уйлж байна… Таван сартай үрээ хадаастай модоор цохиж, найман сартай охиноо хана руу савж, таван настай хүүгээ хүйтэн мэсээр сийчсэн аав бидний дунд бий. Долоон настай хүүгээ зодож тарчлаан, 13 настай хүүгээ хазаж хэмэлсэн гэх жигшүүрт хэргүүдийн тухай гашуун мөрс хэвлэлийн хуудаснаас салахгүй байгааг бид энэ өдөр эргэцүүлж бодох ёстой.
Хүүхдүүд архидалт, мансуурал, гаж дур хүсэл, гуйланчлал, залхуурлын золиос болох явдал удаа дараа гарч, энэ тухай мэдээллүүд олон нийтэд хүрч, айдас төрүүлснийг мартаж болохгүй. Хатуугаар хэлэхэд, бяцхан үрсээ гарынхаа илдүүр болгож, уур бухимдал, стрессээ тайлах гэмт үйлдэл ихэсчээ.
Гэр бүлийн хүчирхийллийн 80 гаруй хувь нь хүүхэд эмэгтэйчүүдэд халдаж, хүчингийн гэмт хэргийн 26.6 хувийг ураг төрлийнх нь хүн үйлдэн, хохирогчдын 60 гаруй хувь нь 5-18 хүртэлх насны охид байдаг талаар тоон мэдээлэл байна. Өнөөдөр Асрамжийн газар өсч байгаа 1000 гаруй хүүхэд байдаг бол Хүүхдийн хаяг тогтоох төвөөр жилд дунджаар 800 орчим хүүхэд “үйлчлүүлж”, жилд дунджаар 1900 орчим хүүхэд хэн нэгэнд зодуулж, гэмтэл авснаасаа болж эмнэлэгт ханддаг ажээ. Мөн гудамжинд амьдардаг гэх хүүхдийн тоо 130 давсныг албаныхан бүртгэлжүүлжээ . Энэ тоо зогсолтгүй өсч байна.
Дээрх байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүүхдийн эрх зөрчсөн хүмүүсээс сүүлийн зургаан жилийн хугацаанд 17 нь хариуцлага хүлээж, эцэг эх байх эрхээ хасуулжээ. Энэ бүхэнд эцэг, эхчүүд буруутай ч хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй байгууллагуудыг хамааруулах ёстой. Хүүхдийн төлөө үндэсний төлөө газар одоо хүүхэд бүрт хүрч очих бодлогын ажлаа эрхлэх болсон.
“Цоожтой хаалганы цаана ямар хүчирхийлэл гарч байгааг бид тааж мэдэх боломжгүй. Хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах тухай уулзалт, зөвлөгөөн зохион байгуулдаг. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй уулзаж ярилцдаг, шаардлагатай гэвэл Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хүүхэд хамгааллын төвд хүүхдүүдийг авчирдаг. Хараа хяналтгүй, хүчирхийлэлд өртөх магадлалтай хүүхдүүдийг дотоод сүлжээндээ бүртгэж, байнга харж ханддаг” гэх жижүүрийн хариултаас одоо Хүүхдийн байгууллагууд салах хэрэгтэй.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа арван хүүхэд тутмын нэг нь хуулийн байгууллагад ханддаг, хүчирхийлэл үйлдсэн нь нотлогдсон таван хүний нэг нь хуулийн дагуу хариуцлага хүлээдэг гэх албан бус тоо байна. Ямар учраас хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд өөрсдийг нь хамгаалах үүрэгтэй “нөхдөд” ханддаггүй вэ. Хариулт нь маш амархан. Хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагаад зөвлөгөө өгч, хэд хоног халамжлаад эргээд эрх нь зөрчигддөг гэр рүү нь явуулдаг болохоор тэр биз ээ.
Хүүхдийн айдас насан туршийнх болон үлддэг. Хүүхэд багын гомдол хүний бодлоос арилдаггүй гэдэг. Үр хүүхдээ, ирж яваа ирээдүйгээ чин сэтгэлээсээ хайрлаж, тэдний эрхийг бат бэх хамгаалмаар байна.