Учир нь захын дүүргүүдийн гэр хороололд амьдарч байгаа иргэдийн ихэнх нь ганц, хоёр жилийн зуднаар амьдралынх нь баталгаа болсон хэдэн малаасаа салаад арга буюу их хөлийн газар бараадаж, хотод орж ирсэн хүмүүс байдаг. Гэрээ ачаалаад “ямар ч байсан хот орвол болох байх” гэсэн итгэл найдвар тээн ирсэн тэд олны урсгал дунд орж ирээд өөрийн мэдэлгүй хөл алддаг. Улаанбаатар хотод ажлын байр байх боловч тэд уг ажил олгогчийн тавьсан шаардлагын хаана нь ч хүрдэггүй. Тиймээс л тэд гудманд гарч лааз өшиглөөд, амьдралаа зүхээд архи ууж эхэлдэг. Энэ бол ёстой нөгөө нотлох албагүй үнэн. Гэтэл эдгээр ижилгүй, архинаас хараат болчихсон иргэдийн дунд бас ийм амьдралдаа дасан зохицчихсон хүмүүс ч бас байдаг гэж байгаа. Нэгэн “тэрслүү үзэлт” сэтгүүлч ахын маань хэлснээр бол өнөөгийн нийгэмд Улаанбаатар хотын гудамжинд “улаан хошуут” хэмээх хар өнгөтэй шувуу харагдах нь олширсон аж. Харин энэ шувуу бол хөдөө хээр амьдарч өт хорхойгоор хооллодог юм. Хотод их үзэгдэх болсон нь ердөө л өт хайж явсанаас бэлэн хоол хаанаас л бол хаанаас хоол олддог хот газар амьдрах нь амархан гэнэ. Харин нөгөө сэтгүүлч ахын хэлсэнээр нийслэлийн захын дүүргийн гэр хорооллуудад яг ийм “улаан хошуут” шиг хүмүүс олон байдаг ажээ. Нэгэнт л хэдэн малаа дуусгаад хотод ирчихсэн, ажлын тавигдах шаардлагад нь тэнцэхгүй болохоор өглөө, өдөртөө шил лаазхан цуглуулж, хааяа нэг дэл сул юм хумсалсан шигээ хэдэн төгрөг олж, түүгээрээ архи гээч гашуун усыг ууж явах нь нар, салхинд хэдэн малын ая дагаж, цас, бороонд зутарч явахаас нь илүүтэй амархан санагддаг бололтой.
Харин эдгээр хүмүүсийг нийгэмшүүлж, “хүн” болгохын тулд нэг хүнд 4-5 жил зарцуулна гэсэн тооцоо байдагийг “Нийгмийн халамжийн төв”-ийн мэргэжилтэнүүд хэлж байна лээ. Дээр дурдсан ажилгүй иргэдийн тоо өмнөх оныхтой харьцуулахад буурсан үзүүлэлт юм билээ. Гэсэн хэдий ч манай улсад иймэрхүү бүртгэлгүй ажилгүй, амьдралын баталгаагүй иргэд байсаар байна. Харин эдгээр хүмүүсийг ажилд оруулж, улсаас амьдралд нь баталгаа гаргаж өгөхөөсөө өмнө бэлэнчлэх сэтгэлгээ буюу “улаан хошуут”-ын араншингаас нь салгах хэрэгтэй. Үүний тулд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, амьдралын чанарыг нь дээшлүүлэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд дүүрэг бүрт байгуулагдсан “Халамжийн төв”-өөр дамжуулан тэднийг сургаж, тэдэнд ойлгуулж яагаад болохгүй гэж.
Харин үүний дараагаар тэдгээр иргэдэд ажлын байрны шаардлагыг хангахуйц чадвар суулгаад өгчихвөл хөдөлмөрийн зах зээл дээр эзнээ хүлээгээд сул байж байгаа ажлын байрууд бүгд эзэнтэй болох нь гарцаагүй.