Улс орнуудын өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн үзүүлэлтээр гаргадаг байна. Эдгээрээс манай улс дэд бүтцийн хөгжил болоод засаглалын байдлаар байнга доогуур жагсдаг ажээ. Эдийн засгийн тамир тэнхээ гэсэн үзүүлэлт дотор манай улсын дотоодын эдийн засгийн хөгжил нь 15 дугаар байраас 10-т шилжиж чадсан бол олон улсын худалдаа долдугаар байраас 12 руу ухарсан байна. Олон улсын худалдааны хувь хэмээгээр наймдугаар байраас тавдугаар байр руу, хөдөлмөр эрхлэлт, бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлтөөр тус бүр нэг байр урагшилсан байна.
Өрсөлдөх чадварын үзүүлэлтэд хамгийн ихээр арагш чангаасан нэг үзүүлэлт бол Төрийн санхүү ажээ. Улсын төсвийн алдагдал өндөр, төсвийн зардал 2011 онд ДНБ-ий 37 хувьтай тэнцэж байснаа 2012 онд 42 хувь болон нэмэгдсэн зэргээс болж есдүгээр байраас 13 дугаар байр хүртэл ухарчээ. 2010 оноос хойш жил тутам хоёр байраар ухарч байгаа бас нэг үзүүлэлт нь төсвийн бодлого. Төсвийн орлого бүрдүүлэлтэд эзлэх татварын орлогын хувь хэмжээ өндөр байх тусмаа төсвийн бодлогод сөргөөр нөлөөлдөг байх юм. Өнгөрсөн онд татварын орлого төсвийн орлогод 4,6 хувийг эзэлж буй ажээ.
Харин өрсөлдөх чадвараар хамгийн их өөрчлөгдсөн хоёр үзүүлэлтийг танилцуулъя. Нийгмийн тогтолцооны үзүүлэлтүүд анхны жилийнхээс огцом буурч, гуравдугаар байраас 14-т орсон байна. Харин өнгөрсөн оноос огцом сайжирсан үзүүлэлт нь бүтээмж ба үр ашиг буюу нэг ажилтанд нэг сард ногдох ДНБ-ий хэмжээ юм. Энэ үзүүлэлтээр 2011 онд манай улс өрсөлдөгчид дундаа баян ходоод байсан бол өнгөрсөн онд дөрөвдүгээр байрт шалгарсан байна.
Эдийн засгийн бодлогын өрсөлдөх чадварын судалгааны төвийн судлаач Э.Тунгалаг танилцуулгынхаа төгсгөлд “Манай улсын бусад 14 орноос давуу тал нь ДНБ-ий өсөлт, экспортын өсөлт, дотогш чиглэсэн шууд хөрөнгө оруулалт, харилцаа холбооны салбарын хөгжил зэрэг юм. Харин эдийн засгийн төрөлжилт, нэг хүнд ногдох ДНБ, гадаад худалдааны алдагдал, валютын ханш, инфляци, зээлийн хүүгийн тогтворгүй байдал, дэд бүтцийн сул хөгжил үргэлж доош чангаасаар байна” хэмээн дүгнэв.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь улс орноо бусад улсуудтай өрсөлдүүлээд зогсохгүй 2012 оноос аймгуудын өрсөлдөх чадварыг гаргажээ. Энэ нь тус төвөөс хийж буй анхны судалгаа юм. Судалгааг тус төвийн судлаач Д.Мөнхчимэг танилцуулсан. Аймгуудын өрсөлдөх чадварыг дөрвөн бүлэг 180 үзүүлэлтээр гаргаснаас хамгийн чухал нь ДНБ-ий үйлдвэрлэл юм. Өнөөдөр улсын нийт ДНБ-ий 65 хувийг Улаанбаатар хотноо үйлдвэрлэж буй бол Орхон аймагт 10 хувь, 25 хувийг үлдэж буй 20 аймаг бүрдүүлдэг ажээ. Энэ ганц үзүүлэлт хот хөдөөгийн ялгаа ямар байгааг харуулна гэж судлаач дүгнэв. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр Орхон аймаг Улаанбаатар хотыг ч хол орхисон байдаг бол бусад аймаг орон нутгийн хувьд нийслэлээс даруй гурав дахин бага байдаг ажээ.
Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар тайланд ерөнхий оноогоор Орхон аймаг тэргүүлж, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ айргийн тавд багтсан байна. Гэвч энэ нь үзүүлэлт бүр дээр харилцан адилгүй бөгөөд Орхон эдийн засгийн тамир тэнхээ сайтай ч засаглалын хувьд Дорноговь тэргүүлж, Орхон зургадугаарт орсон байх юм. Дээр хоёр үзүүлэлтээр Дундговь аймаг араасаа нэгд жагсчээ. Бизнес эрхлэлтийн байдлаар Орхон нэгд, Баян-Өлгий хоёрт орсон бол Дундговь мөн л сүүлийн байрнаас ахиагүй байна. Түүнчлэн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Өрсөлдөх чадварын хамгийн, хамгийн …”-ийг шалгаруулжээ.
Архангай аймаг хамгийн олон малтай боловч бизнесийн орчин хамгийн сул хөгжжээ. Баян-Өлгийд банкны зээлийн хүү хамгийн бага байдаг бол нэг хүнд ногдох ДНБ хамгийн бага байна. Баянхонгор эхийн эндэгдэлгүй аймаг ч авлига хээл хахууль харьцангуй их ажээ. Булган автозамын хөгжил сайтай ч Хөдөлмөрийн чиглэлийн үйлчилгээ хамгийн сул юм. Говь-Алтайд иргэдийн хадгаламжийн хэмжээ хамгийн өндөр ч аймгийн удирдлагын бодлогын ил тод байдал хамгийн сул гэнэ. Говьсүмбэрт ажилгүйчүүдийн тоо хамгийн бага ДНБ ч хамгийн бага үйлдвэрлэдэг. Дархан-Уулын хүн ам засагт хамгийн бага ачаалал үүрүүлдэг бол мэргэшсэн ажиллах хүчин хамгийн их хэрэгтэй аймгаар шалгарчээ. Дорноговьд хөдөлмөр эрхлэх төвшнөөрөө дээгүүр ч банк санхүүгийн дэмжлэг хамгийн сул юм байна. Дорнодод эрчим хүч дулааны асуудлаа шийдсэн ч инфляци хамгийн өндөр. Дундговьд дундаж наслалт өндөр ч эдийн засгийн хөгжил хамгийн сул. Завханы төв Улиастай хамгийн цэвэр агаартай ч эрчим хүч, дулаан хамгийн хангалтгүй, Орхоны ДНБ-ий хэмжээ хамгийн өндөр ч хөдөлмөр эрхлэлт хамгийн бага юм. Өвөрхангай зах зээлийн багтаамж ихтэй ч сумдаас аймгийн төв рүү шилжих хөдөлгөөн хамгийн их байдаг ажээ. Өмнөговь эдийн засгийн хөгжлийн төвшин өндөр ч орлогын тэгш бус байдал газар авч, эрчим хүч, дулаанаа шийдэж чадаагүй аймгаар тодорчээ. Сүхбаатарын хувьд аймгийн удирдлагын бодлого шийдвэрээр тэргүүлсэн ч төсвийн алдагдал хамгийн өндөр гарчээ. Сэлэнгэд ажилгүйдэл хамгийн бага ч зээл хадгаламжийн хүрээ бага гэнэ. Төв аймагт мэргэшсэн ажиллах хүчний олдоц өндөр, тээврийн хөгжил сайнаараа гайхагджээ. Увс аймгийн хувьд эдийн засгийн идэвхтэй хүн ам хамгийн олон байгаа бол хорт хавдрын өвчлөл хамгийн их бүртгэгджээ. Ховдод цахилгааны үнэ хамгийн бага ч аймгийн төсвийн удирдлага сул гарчээ. Хөвсгөлд бизнесийн байгууллага хамгийн олон бол хүний хөгжлийн индекс сул, Хэнтийд хорт хавдрын өвчлөл бага ч дундаж цалингийн хэмжээ бусад аймгаас хамгийн бага гарчээ. Үүнийг уншихад энгийн иргэд бидний хөндлөнгөөс харсан дүгнэлтээс зөрүүтэй санагдаж болно. Гэвч энэ бүхэн судалгаа шинжилгээ тоо баримтад түшиглэсэн дүгнэлт юм. Аймаг орон нутгийн төвшиний судалгааг анх удаа явуулж байгаа ч цаашид жил бүр явуулж өөрийн гэсэн архив баримттай болох хүсэлтэйгээ илэрхийлж байлаа. Анхны судалгаа аймаг орон нутагт юун түрүүн дэд бүтэц, тэр дундаа автозамыг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, авлига, хүнд суртлыг халах, эрүүл мэнд боловсролын тогтолцоог сайжруулах, уул уурхайн орлогыг зохистой ашиглах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан”-гийн танилцуулгад оролцсон иргэний нийгэм, төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачдын төлөөллүүд өөр өөрсдийн санал дүгнэлтээ төгсгөлд нь хэлж байлаа. Судалгааг төрийн байгууллага болон Засгийн газраас хараат бус байдлаар хөндлөнгийн хэвээр байлгахыг чухлыг онцолж байлаа. Өнгөрсөн гурван жилийн судалгааг дотоодын Ньюком, МСS, Мобиком, МАК зэрэг компаниуд болон Азийн хөгжлийн банк, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарийн хөгжлийн агентлаг зэрэг байгууллагын дэмжлэгээр явуулж ирсэн бөгөөд хойшдоо ч судалгааг хөндлөнгийн хэвээр нь удаан хугацаанд үргэлжлүүлнэ гэдгийг тус судалгааны төвийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Лакшми хэлж байлаа. Түүнчлэн Монголд үйл ажиллагаа явуулж буй судалгаа шинжилгээний байгууллагууд уялдаа холбоогүйгээс нэг төрлийн судалгааг давхардуулан явуулах, мэргэжлийн бус хүмүүс төрийн албаны захиалгаар мэргэжлийн бус судалгаа хийж төр засгийн шийдвэрт буруу нөлөөлөл үзүүлэх зэрэг гажуудал байдаг гэнэ. Тиймээс тус төвөөс санаачлан судлаачдын уулзалтыг сар тутам явуулах болжээ. Ингэснээр эрдэмтэн судлаачдын ойлголцол сайжрах төдийгүй судалгааны чанарт ч нөлөөлнө гэж байлаа.
Түүнчлэн Монгол Улсын өрсөлдөх чадварыг гаргахдаа зэрэгцүүлж буй улс орны дунд тооноос илүү чанарт шилжсэн улс олон байгааг хэлээд хойшид ч манайхан тоог чухалчлахаасаа өөрийг бодох болсныг хэлэх хүн байлаа. Жишээ нь манай улс хөрөнгө оруулалтын хэмжээг чухалчилж байхад зарим улс орон өгөөжийг нь харж байдаг ажээ. Бид ажилгүйчүүдийн тоогоо бууруулахыг зорьдог бол зарим нь ажиллагсдын бүтээмжид анхаарах зэргээр зөрүүтэй ойлголт байгааг онцолж байлаа.