Гэвч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр барилгажуулах ажил нийслэлийн хэмжээнд урагшлахгүй байна гэж шүүмжиллээ. Тэрээр “Улаанбаатар хотын хэмжээнд ажил нь эхэлдэггүй хэрзийсэн карказууд олон байна. Юунаас болоод ажил явахгүй байна вэ. Засгийн газрын хуралдаанаас иргэдэд жилийн найман хувийн хүүтэй урт хугацааны зээл олгохоор шийдвэр гаргасан. Гэвч дундаж орлоготой иргэдийн сарын орлого 900 мянган төгрөг байна. Багш, эмч нарын сарын цалин 500 мянган төгрөг байдаг. Жилийн найман хувийн хүүтэй зээлийг хэн дийлж авах вэ. Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр жилийн найман хувийн зээл олгох хөтөлбөртэй хэрхэн уялдаж байгаа юм. Дундаж өрхийг дэмжих биш байртай боломжийн амьдралтай иргэдийг хоёр дахь, гурав дахь орон сууцаа худалдан авах боломжийг Засгийн газар бодлогоор дэмжээд байгаа юм биш үү. Хотын дарга Э.Бат-Үүлийн гурван жилийн хугацаанд 160 мянган өрхийг хаустай болгох хөтөлбөр хаана хэрэгжээд байна вэ. Үүнд хариулт сонсмоор байна” гэсэн юм.
Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы тайлбараар бол барилгын компаниуд одоо ч сэргэж чадаагүй санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөлд байгаа аж. Засгийн газрын зүгээс барилгын компаниудыг дэмжих, тэр дундаа цемент, арматур зэрэг барилга барихад хамгийн их шаардагддаг бараа материалыг дотооддоо үйлдвэрлэдэг болохын тулд энэ чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хөнгөлөлттэй зээл олгох. Үйлдвэрээ өргөтгөхөд нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр тодорхой хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа. Нөгөөтэйгүүр, барилгын компаниудын хувьд өнгөрсөн хугацаанд хамгийн их тулгамдаж цаг алдахад нөлөөлж ирсэн зүйл нь газрын зөвшөөрөл, барилга барих чиглэлээр зөвшөөрөл хүсэхэд төрийн албаныхны хүнд суртал арга болж ирсэн аж. Тиймээс компаниудыг газар, барилгын зөвшөөрөл хүсэхэд нь аль болох хүндрэл чирэгдэл багатай, шуурхай гаргаж өгөх чиглэлээр ажиллах болсон. Иргэдэд олгох урт хугацааны орон сууцны зээлийн тухайд Монголбанк болон холбогдох бусад яамдтай нэлээд ярилцаж судалгаа хийсний үндсэн дээр 600 гаруй тэрбум төгрөгийг гаргахаар болсон. Гэхдээ орон сууцны эрэлт их байгаа, тиймээс нэмж 900 орчим тэрбум төгрөгийг нэмж гарган барилгын салбарыг дэмжих шаардлага үүсч байгаа. Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулахын тулд түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэж мэдэгдлээ.
Мөн энэ үеэр хөндөгдсөн асуудал нь барилга барихад шаардагддаг элс, хайрга зэргийг олборлохыг хориглосноос болж барилгын компаниуд ажлаа гүйцэтгэхэд хүндрэлтэй тулж буйг сануулах гишүүд цөөнгүй байлаа. Энэ нь эргээд барилгын үнийг хөөрөгдөх шалтгаан болж буйг ч онцолсон юм.
Ийнхүү гишүүд барилгын салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж салбар хариуцсан сайдаас хариулт авч дууссанаар энэ өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөөд байна.