Хүүхдийн шинэ эмнэлэг үүдээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2013.05.31-нд нийтлэгдсэн

Хүүхдийн шинэ эмнэлэг үүдээ нээлээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр өнөөдөр нэгэн шинэ эмнэлэг нээлтээ хийлээ. Энэ бол тус дүүргийн 7, 8, 13, 19 дүгээр хорооны 8000 гаруй хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зориулалттай “Эмүүжин” хүүхдийн эмнэлэг. Мэдээж боломж бололцоогоороо бусад хорооны хүүхдүүдийг ч гэсэн үзэж, эмчилж л таарна.

Сануулахад Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 жилийн дотор нэг ч хүүхдийн эмнэлэг баригдаагүй гэнэ. Харин Баянгол дүүргийн эмнэлэгт хүүхдийн тасаг байхгүйгээс зэргэлдээ Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг царай алдахад хүрдэг. Тэгээд ч Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг ч гэсэн хүн ам олонтой, урьдах ачааллаа дийлэхгүй байж  давхар Баянголын хүүхдүүдийг авах нь өөрсдөд нь ч гэсэн хүндрэлтэй байдаг. Үүнээс болоод Баянгол дүүрэг хүүхдийн өвчлөл, ялангуяа халдварт өвчний тархалтаар нийслэлд дээгүүр ордог байна.

Харин өнгөрөгч парламентын үед Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гишүүдийн тойрогт хуваарилдаг тэрбум төгрөгөөрөө дүүрэгтээ хүүхдийн эмнэлэг байгуулсан нь энэ. Анх хувийн орон сууцны зориулалтаар баригдсан дөрвөн давхар барилгыг эмнэлгийн барилга болгон өөрчилж, Герман улсад үйлдвэрлэсэн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглоход ердөө 1,6 тэрбум төгрөг орсон байна. Энд хэрэглэгдэж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн хувьд Улаанбаатарын хотын хэмжээнд “Гурван гал” зэрэг хуруу дарам тооны хувийн эмнэлгүүдэд л хэрэглэгдэж байгаа, улсын аль ч эмнэлэгт байхгүй өндөр чанарынх гэдгийг эмнэлгийн эмч, ажилчид бахархан ярьж байлаа. Бас болоогүй, дороо дөрвөн машины гараж, түргэн тусламжийн хоёр тэрэг, дуудлагын нэг жижиг тэрэгтэй. Гэхдээ үүнд Эрүүл мэндийн яам болон дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс нэг ч төгрөгийн тусламж аваагүй. Зөвхөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тойрогт нь хуваарилсан тэрбум төгрөгөөр уг эмнэлгийг байгуулжээ. УИХ-ын гишүүн асан Д.Энхбат ч бас тойргийнхоо мөнгөнөөс 500 саяыг уг эмнэлгийн санхүүжилтэд зориулсанд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин талархаж байгаагаа хэлсэн.

Бас нэг хачирхалтай мэдээлэл гэвэл манай улс сүүлийн 20 жилийн дотор хүүхдийн эмч шинээр бэлтгээгүй юм байна. Тиймээс шинэ эмнэлгийг орчин үеийнэмнэлгийн тоног төхөөрөмж дээрээ түшиглэн хүүхдийн эмч, сувилагчдыг шинээр бэлтгэх, давтан сургах зорилго тавьж байгаа гэнэ. Тиймээс “Эмүүжин” эмнэлэгт нийслэлийн бусад дүүргийн эмнэлгээс уригдаж ирсэн, нэлээд нэр хүнд бүхий эмч, сувилагч нар ажиллах юм байна.

Өнөөдөр нээлтээ хийсэн “Эмүүжин” хүүхдийн эмнэлэгт өдрийн 12.00 цаг гэхэд эхний долоон өвчтөн ирсэн байлаа. Энэ янзаараа бол эмнэлгийн 35 ор эхний хоёр өдөрт дүүрэх байх аа хэмээн эмч нар гүйлдэж байна. Хүүхдийн баярын өмнөх өдөр нээлтэй хийсэн хүүхдийн эмнэлгийн анхны үйлчлүүлэгчдэд Хууль зүйн сайд ууттай бэлэг өгч, эдгээр бяцхан зүрх бүхэнд энэрэл хайраа өгч, баяр хөөр бэлэглэж байхыг “цагаан халаадтай бурхдын элч” нараас хүслээ. “Эмүүжин” хүүхдийн эмнэлгийн нээлтэд Хууль зүйн сайдаас гадна УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Дүүргийн ИТХ-ын дарга н.Дэлгэрбаяр, Засаг дарга Д.Оросоо нар оролцож, нээлтийн тууз хайчилсан. Өөрөөр хэлбэл үүнээс хойш энэ эмнэлгийг хэрхэн авч явах нь дүүргийн удирдлагуудаас хамаарна гэсэн үг. 

Б.ЗАЯА






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж