Дэлхийн байгаль орчны өдрийг таван өдөр тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.31-нд нийтлэгдсэн

Дэлхийн байгаль орчны өдрийг таван өдөр тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн байгаль орчны өдрийг  зургадугаар сарын 1-5-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Жил бүрийн зургаадугаар сарын 5-нд Дэлхийн Байгаль орчны өдрийг  1972 оноос эхлэн НҮБ-ын санаачилгаар  улс орнууд тэмдэглэж ирсэн байна. Энэ өдөр байгаль орчны тулгамдсан асуудалд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулж,  улс төрийн зөв шийдвэр гаргах   үйл ажиллагааг дэмжих зорилго өвөртөлдөг.

Түүнчлэн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь энэ өдрөөр дамжуулан байгаль орчны тулгамдсан асуудлуудад дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, байгаль орчноо хамгаалан хайрлах нь хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг таниулах,  тогтвортой хөгжлийг дэмжих зорилгыг давхар агуулдаг байх юм. Түүнчлэн дэлхий нийтэд танил болсон, үр дүнтэй хэрэгжиж байгаа олон санал санаачлага, үйл ажиллагааг идэвхижүүлэх, байгаль орчны асуудлаар дэлхий нийтээрээ үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл солилцох боломжийг дэмжихэд хөтөлбөрийн үйл ажиллагаа чиглэдэг. Энэ жилийн байгаль орчны өдрийн гол уриа нь “Хүнсний хэмнэлттэй хэрэглээ буюу бодъё, хэрэглэе, хэмнэе /Хоол, хүнсний хаягдлыг багасгая/”  гэсэн уриа юм байна. Энэ нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон бусад хамтрагч байгууллагуудаас энэ оны эхээр санаачилсан хоол хүнсний хаягдал, хомсдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй олон улсын аянтай агуулга, утга санаатай нийцэж байгаа юм.

Манай улсын хувьд байгаль орчны өдрийг нэг өдөх тэмдэглэх төдийгөөр хязгаарлахгүй юм. Энэ өдрийн хүрээнд маргааш Дэлхийн Байгаль орчны өдөрт зориулан өсвөр насны хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн, залуучуудын дунд flashmobs зохион байгуулна. Зургаадугаар сарын 2-ны ням гаригт “Улаанбаатар-2013” олон улсын Марафон  гүйлтийн тэмцээн болно. Марафонд 400 гаруй гүйгч оролцох бөгөөд нийт 12 орны 100 гаруй тамирчин оролцоно. Тэдний дотор НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн сайн санааны элч, Дэлхийн холын зайн марафон гүйлтийн 2011 оны рекордыг шинэчлэн тогтоосон Кени Улсын тамирчин Патрик Макау багтаж байна.

2013.06.03-ны даваа гаригт: Хот хөдөөгийн 800 гаруй төлөөлөгчид болон гадаадын зочид оролцсон “Ногоон хөгжил” Үндэсний чуулган Төрийн ордноо болно. Уг чуулганаар “Ногоон соёл иргэншилийн үзэл баримтлал”, “Тогтвортой хөгжил дэх шинжлэх ухаан, бодлогын цогц асуудал”, “Экосистемийн үйлчилгээний төлбөр” үндсэн илтгэлүүд хэлэлцэгдэнэ. Түүнчлэн “Ногоон хөгжил:Олон улсын туршлага ба үндэсний загвар”, “Ирээдүйн Монгол:Тогтвортой хөгжлийн 10 жилийн судалгаа, хөтөлбөр”, “Тогтвортой хөгжлийн боловсрол” салбар хуралдаанууд болно.  

“Байгаль орчин” сэдэвт үзэсгэлэн, байгаль орчны салбарт гадаад улс орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй  төсөл хөтөлбөрийн танилцуулга Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

2013.06.04-ны мягмар гариг: 14-18 цагт ГХЯ-ын Зөвшилцөл танхимд  “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга хууль”-ийн хэлэлцүүлэг болно. Мөн Төрийн ордонд “Сэргээгдэх эрчим хүч–ногоон хөгжил” ярилцлага, хэлэлцүүлэгөрхүүлэх бол 15-17 цагт НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнерийн нээлттэй илтгэл MУИС- ийн Дугуй зааланд болно.

2013.06.05-ны лхагва гаригт:  Дэлхийн байгаль орчны өдрийн зочид, төлөөлөгчид Хустайн нурууны Байгалийн цогцолбор газарт Тахь нутагшуулж байгаатай танилцаж, Монгол айлд зочлон уламжлалт нүүдэлчдийн амьдрал ахуйг үзэж сонирхох юм. Монголчууд дэлхийн байгаль орчны өдрийг хэрхэн тэмдэглэж буйг уригдсан хүндтэй зочид үзэж сонирхохоос гадна CCTV, Франц-24, Аль жазира, Синхуа зэрэг гадаадын 10 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч сурвалжлагч нар сурвалжлах ажээ. 

Ийнхүү Дэлхийн байгаль орчны өдрийг өргөн дэлгэр тэмдэглэснээр Монгол Улсын тухайд уул уурхай зэрэг эдийн засгийн томоохон салбаруудаа Ногоон эдийн засагт шилжүүлэх, хүүхэд залуучуудын байгаль орчны талаарх мэдлэг, мэдээллийг өргөжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой гэж Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Хэвлэл мэдээллийн албанаас ирүүлсэн мэдээнд дурджээ.

Д.ЦЭЭПИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж