УИХ-ын гишүүдийн хүүхдүүд төрийн ордонд зочилж, энд тэндгүй хүүхдэд зориулсан үнэтэй, үнэгүй тоглолт зохион байгуулна гэсэн зарын чанартай мэдээнүүдийг харахад маргааш Улаанбаатар хөл хөдөлгөөнд дарагдах нь тодорхой байна. Тэгвэл төрийн ордны үүдээр шагайх нь битгий хэл аав ээжээсээ бэлэг авах байтугай хоолтой хонох эсэхээ мэдэхгүй гэртээ гэдэс нь хоржигноод өнжих хичнээн хүүхэд байгаа болоо. Монголд өнөөдөр өч төчнөөн хүүхдүүд өлөн зэлмэн амьдарч байгаа нь худлаа биш. Тэдэнд юун хүүхдийн баяр, юун бэлэг манатай л байгаа.
Хүүхдийн баяр болонгуут төрийн байгууллагуудаас болсон болоогүй баахан арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Маргааш ч ялгаагүй “Ногоон дэлхий манай гэр бүлээс эхтэй” уриан дор Хүүхдийн баярын арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгийн ямарч байсан дуутай хууртай л болох юм байх. Гэхдээ энэ арга арга хэмжээ хүүхдүүдийг баярлуулахаас илүү ядрааж, залхаасан үйлдэл битгий болчихоосой гэж найдая. Томхон нь яадаг юм гэхээс, багачуудад албан байгууллагуудын ажлын сурталчилгаа огтхон ч хэрэггүй. Үнэндээ тэд сонирхох ч үгүй, ойлгох ч үгүй.
Уг нь олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэдэг үндсэн утгаараа бол хүүхдийн нүдийг чихрээр хуураад өнгөрөх биш тэдний эрхийн төлөө дуугарч, хүүхдүүд томчуудын золиос болоод байгаа энэ үед чихээ бөглөх нь холгүй суугаа улстөрчдөд анхааруулга өгөх ажлыг зохион байгуулах учиртай юм.
Эцэг эх, ах дүүс, хамаатан садан, насанд хүргэгчдийн гарын “элдүүр” болж бяцхан биедээ ахдам зовлонг үүрээд гэр бүлийн хүчирхийлэл дунд амьдарч байгаа үүхдүүдийн эрхийг хэн хамгаалах ёстой вэ. Сүүлийн үед чихээр сонсохоос ч халширмаар хүүхдийн эсрэг гэмт хэрэг цөөнгүй гарах болсон. Хутгалсан, заазуурдсан, хүчиндсэн түлсэн, хорьсон гээд ой гутмаар зүрх зүсэгдмээр хүүхдийн эсрэг гэмт хэрэг өдөр болгон гарсаар байна. Он гарсаар гэмт халдагад өртөж 13 хүүхэд амь насаа алдсан гэх цагдаагийн байгууллагын мэдээ байна. Тэгвэл 1270 хүүхэд гэр бүл, нийгмийг хүчирхийллийн хохирогч болжээ.
Түүнчлэн интернэтээр эмчилгээний зардал гуйсан, тусламж, дэмжлэг хүссэн зарууд багагүй гарах болсныг уншигч та анзаарсан байх. Төрөлхийн, олдмол согогтой, элдэв янзын өвчнөөр өвчилсөн хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж буй нь Монгол Улсад хүүхэд эрүүл, амьд явах баталгаа жилээс жилд алдагдаж байгаагийн нэг илрэл юм. Өнгөрсөн жилийн сонгуулийн өмнөхөн Засгийн газраас “Эрүүл Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж, тус хөтөлбөрт 18 тэрбум төгрөг зарцуулж байгаа зарлаж байснаас хойш бүтэн нэг жил өнгөрчээ.Энэ хугацаанд хичнээн хүүхдийг эрүүлжүүлж, хичнээн хүүхдийг эмчлүүлэх зардалд төрөөс хичнээн төгрөгийн дэмжлэг үзүүлсэн нь тодорхойгүй. Дээрх 18 тэрбум төгрөгөөр улстөрчид монгол хүүхдийг эрүүлжүүлэхийн төлөө юу хийсэн нь бас бүрхэг. Монголд хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй, хүүхдийн нэрээр ашиг хонжоо хөөсөн төрийн болоод төрийн бус байгууллага олон. Улсын, аймаг, хот, дүүргийн хүүхдийн эрхийг хамгаалсан байгууллага, ажилтнууд яг үнэндээ ямар ажил хийдэг нь ойлгомжгүй. Баяраар төв талбайд өдөрлөг зохиохыг эс тооцвол, хааяа нэг хэвлэлийн хурал хийж сүржигнэхээс хэтэрдэггүй билээ.
Гэтэл Монголд хүүхдийн эрх алхам тутамд зөрчигдсөөр байна. Хүүхэдийн цоожтой хаалганы цаана өнжиж, хүүхдүүд сургалт цэцэрлэг завсардаж, хүүхдүүдийн эрүүл амьд явах баталгаа алдагдаж, хүүхдүүд гэмт халдлагад өртсөөр. Хүүхдүүд эрхийнхээ төлөө жагсч, цуглаж, тэмцэж чадахгүй. Тэдний өмнөөс эцэг, эхүүд, томчууд бид дуугаа хураах ёсгүй юм.
Хүүхдийн нүдийг чихрээр хуурахад амархан байж болно, гэхдээ л….