Төрсөн эцэгтээ заазуурдуулж, зодуулж, хүчирхийлэлд өртсөн Идэрээ хүү болон түүний гэр бүлд тохиолдсон хэрэг нийгмийг цочроож байсан. Сонссон хүн бүрийн элгийг эмтэлсэн хэрэг гарснаас хойш багагүй хугацаа өнгөрч, хүүгийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ. Мөн хүчирхийлэлд өртөж байсан ар гэрийнхэн Хүчирхийллийн эсрэг төвийн хяналтаас гарсан байна.
Энэхүү гэр бүлд өчигдөр “Жигүүр гранд” группийн хамт олон иж бүрэн тавилгатай таван ханатай гэр, хувцас хэрэглэлийн хамтаар хүлээлгэн өглөө. Мөн Идэрээ хүүгийн ээж О.Болормааг “Жигүүр гранд” группийн хамт олон ажилд зуучилж байгаа юм байна. Ингэснээр энэ гэр бүл хамт олонтой, олох орлоготой, орон гэртэй элэг бүтэн, энх тунх амьдрах боломж бүрдэж байгаа юм.
Идэрээ хүүгийн ээж О.Болормаа:
-Бидэнд энэхүү сайхан гэрийг бэлэглэсэн “Жигүүр гранд” группийн хамт олон маш их баярлалаа хэмээн нүдэндээ нулимстай өгүүлсэн юм.
-Тусламж дэмжлэг хэрэгтэй хүнд хүн бүр, байгууллага бүр бодитой тусалдаг нь ховор байдаг. Харин “Жигүүр гранд” группийн хамт олон өнөөдөр Идэрээ хүүгийн ар гэрт бодитойгоор тусаллаа. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Монголчууд тусч, нинжин сэтгэлээ гээгээгүй байгааг энэ явдал харууллаа гэсэн юм.
“Жигүүр гранд” группийн хамт олон саяхан бөөрний дутагдалд орсон Жигүүр хүүгийн ар гэрт мөнгөн тусламж үзүүлж амь насыг нь аварч буян хийж байсан. Хүмүүнлэгийн хоёр дахь үйлс нь Идэрээ хүүгийн ар гэрт тусалсан явдал боллоо.
-Өнөөдрийн энэ сайхан өдөр, морин цагт Идэрээ хүүгийн ар гэрт иж бүрэн тавилгатай гэр бэлэглэлээ. Бид нар Болормаа эгчид хуучин гэрээсээ сэтэрхий тэвнэ ч битгий аваарай, муу муухай зүйлээ хуучин гэртэйгээ үлдээгээрэй, сайн сайхан зүйлийг шинэ гэртээ авч ороорой гэж хэлсэн. Бид нар бүх зүйлийг нь бэлдэж өгөхийг хүсэхгүй байгаа. Тиймээс ээжийг нь ажилд зуучилж байгаа. Болормаа эгч бидэнд баярлаж талархсанаа илэрхийлж байгаа. Хамгийн гол нь хүүхдүүдээ сайн хүн болгож хүмүүжүүлэх юм бол бид их баярлах болно гэж хэлж байгаа гэсэн юм.
Маргааш Эх, үрсийн баяр болно. Гэр бүлд хүчирхийлэл бүү гараасай.Монголын хүүхэд бүхэн инээд хөөрөөр дүүрэн, ээж бүхэн аз жаргалаар гийх болтугай.
