MotoGP-гийн од Росси эмнэлэгт хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

MotoGP-гийн од Росси эмнэлэгт хүргэгджээ

Мотоспортын элит ангиллын супер оддын нэг, дэлхийн есөн удаагийн аварга
Валентино Россигийн дэлхийн аваргын цомоо хамгаалах хүсэл нь талаар
өнгөрөв бололтой. Хуваарийн дагуу өнөөдөр Италийн гран-при уралдаан
болох учиртай бөгөөд Росси нутгийнхаа талбарт бэлтгэлээ базааж байгаад
өчигдөр онхолдож, хүнд бэртэл авсан байна. Өдгөө 31 настай тамирчны
шаантны яс нь хугарсан бөгөөд өчигдөр үдээс хойш Флоренс хотын Карегги
эмнэлэгт хагалгаанд оржээ. Түүний бэртлийн талаар спортын эмч Клаудио
Макиагодена “Россгийн бэртэл бидний бодож байснаас илүү хүнд байна.
Шаантны яс нь хугараад арьсаа цоолоод наашаа ил гараад ирчихсэн. Бид
хагалгаа хийж, хугарсан ясыг холбосон. Азаар ямар нэг гол, мэдрэлийн
судас дайраагүй байсан. Гэхдээ ноцтой бэртэл” гэжээ. Энэхүү бэртлийн
улмаас Росси наад зах нь хоёр сар мотоцикль дээр суух боломжгүй болсон
талаар эмч, мэргэжилтнүүд зөвлөж байгаа учир “The Doctor” нэрээрээ
алдаршсан Росси өнөөдөр болох Италийн гран-приг оруулаад нийт найман
гарааг өнжих болж байна. Сануулахад, тэрбээр төрөлх нутгийнхаа гараанд
есөн удаа түрүүлсэн юм.
Хагалгааг гардан хийсэн мэс заслын эмч
Роберото Бацци гэмтлийн тухайд “Хагалгаа амжилттай болсон. Хугарсан ясыг
амжилттай холбосон, одоо яс харьцангуй тогтворжсон. Гэхдээ хагалгааны
шарх нээлттэй хэвээр байгаа. Ер нь ихэнх тохиолдолд ингэдэг юм. Хэд
хоногийн дараачаас дахин бичил мэс засалд орж, шархыг нь оёх болно.
Росси 7-10 хоногийн дотор эмнэлгээс гарах боломжтой гэж дүгнэж байгаа.
Гэхдээ бүрэн эдгэрч, дахин уралдаанд оролцоход хэдий хугацаа
шаардлагатайг яг таг хэлэх боломжгүй юм” гэжээ.
Анх 1996 оны
Малайзын гран-при уралдаанд 1255сс ангилалд хүч сорьсноос хойш Росси нэг
ч гараа өнжөөгүй бөгөөд харамсалтай нь, 230 гараанд тасралтгүй оролцсон
түүний амжилтын буухиа ийнхүү тасарч байна.
Дашрамд сануулахад,
тэрбээр өдгөө дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөнд ерөнхий дүнгээр Испанийн
Хорхе Лорензогоос есөн онооны алдагдалтайгаар хоёрдугаарт бичигдээд
байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж