2013 оны гуравдугаар сарын 11-15-нд Монголд айлчилсан ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Р.Миглиори тэргүүтэй төлөөлөгчид, 2013 оны дөрөвдүгээр сарын 27-29-нд Улаанбаатар хотноо болсон АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцсон ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер нартай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож байсан юм.
Монгол-ЕАБХАБ-ын цаашдын хамтын ажиллагааны чиглэл, салбар асуудлыг тодорхойлох үүднээс ЕАБХАБ манай хүсэлтийн дагуу өөрийн Илтгэгчдийн багийг 2013 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотноо ажиллуулахаар шийдвэрлэсэн . Илтгэгчдийн баг ирэх 2-3 жилд манай салбарын яам, газруудаас хамтран хэрэгжүүлж болох тодорхой арга хэмжээг хэлэлцэн тохиролцох юм.
Мөн 2013 оны 6 дугаар сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар 350 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багийн эхний хэсэг 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатарт ирж ажилдаа ороод байна.
Илтгэгчдийн баг Хууль зүйн яам, Батлан хамгаалах яам,Байгаль орчин, ногоон хөгжлийн яам,Боловсрол, шинжлэх ухааны яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхайн яам,Хил хамгаалах ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Стратеги судалгааны хүрээлэн, Онцгой байдлын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Монгол Банк, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хууль сахиулах их сургууль, Нээлттэй нийгэм хүрээлэн зэрэг зарим ТББ-ын төлөөлөл г.м. газруудад уулзалт хийх юм.
Дашрамд дуулгахад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ) нь Европ, Америк, Азийн 57 улс орныг нэгтгэсэн бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн том байгууллага юм. Бүс нутгийн хэмжээнд зэвсэгт мөргөлдөөн, хямралт байдлыг урьдчилан сэргийлэх, зохицуулах, хямралын дараах сэргээн босголтыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг тус байгууллага нь аюулгүй байдлын асуудлыг цэрэг улс төрийн, эдийн засаг ба байгаль орчны, хүний аюулгүй байдлын гэсэн хэмжигдэхүүнүүдээр авч үздэг учир зэвсэглэлд тавих хяналт, итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх арга хэмжээнүүдээс эхлэн хүний эрх, ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгал орчныг хамгаалах, олон улсын гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх зэрэг өргөн хүрээний асуудлаар гишүүн орнууд санал солилцон зөвлөлддөг байна. Чингэхдээ гишүүн орнууд бүгд тэгш эрхтэйгээр оролцон улс төрийн зөвшилцөлд тулгуурласан шийдвэр гаргадаг онцлогтой гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.