Хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүд сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүнг гаргах үндсэн баримт бичиг болох саналын хуудасны загварыг баталлаа.
Хуульд заасны дагуу саналын хуудас нь нэр дэвшигчийн гэрэл зурагтай байна. Үүнээс гадна сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх тухай товч заавартай байх бөгөөд нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг жижиг үсгээр, өөрийн нэрийг том үсгээр, түүний ард нэр дэвшүүлсэн намын нэрийг хаалтад бичиж, түүнчлэн нэр дэвшигчдийн нэрийг Улсын Их Хуралд хамгийн олон суудал авсан намын нэр дэвшигчээс эхлэн дараалуулж бичсэн байх ажээ.
Харин харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг уншиж, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас санал авах байр бүрд нэг байхаар тооцоолжээ.
Cонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар саналын хуудасны индекс, дугаар, тоог тогтоох тухай, сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журамд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэв гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.