“Танан Гарьд” баг энэ тоглолтод гаргаж заншсан гарааны тоглогчдоо тэр чигээр нь өөрчилсөн байлаа. Тоглолтын эхлэлийг ч “Танан Гарьд” баг тун сайн хийж, сайн хамгаалж байсан. Ялангуяа Фреддье Вүүдс болон Лавански нарын маш олон хаалт амжилттай болж, үзэгчдийг шуугиулсан. Гэсэн ч тоглолтын хоёрдугаар үед “SBL Хүлгүүд” багийн тоглолт сэргэж, Б.Билгүүн, Маркус Хаммондс, М.Бадрах нарын ээлж дараалсан довтолгоонууд амжилттай болж, багаараа 30 оноо авчээ. Мөн хамгаалалт ч сайн болсноор, эхний хагаст 42:30-ийн харьцаатай, “SBL Хүлгүүд” баг давамгайлсан.
Мөн Супер лигийн аваргын төлөөх цуврал тоглолтууд эхэлснийг харуулсан нэг үзүүлэлт нь блок шотууд байлаа. Энэ тоглолт самбар дор маш хүчтэй хамгаалалттай болж, багууд нийлээд 18 хаалт хийсэн байна.
Тоглолтын сүүлийн хагас ч маш өрсөлдөөнтэй өрнөж, багууд жигдхэн тоглолт үзүүлсэн. Гэсэн ч “SBL Хүлэгүүд” багийн 10 гаруй онооны давамгайлал хадгалагдсаар байсан. Иймээс тоглолтын шийдвэрлэх дөрөвдүгээр үед оноог ойртуулахын тулд “Танан Гарьд” баг бүтэн талбайн хамгаалалт хийж, холын зайнаас маш олон довтолсон. Гэсэн ч энэ нь төдийлөн амжилтанд хүрсэнгүй. “Гарьдууд” энэ тоглолтонд холын зайн 34 шидсэнээс ердөө долоог нь амжилттай болгожээ.
Энэ тоглолтод “Танан Гарьд”-аас Фрэддье Вүүдс 15 оноо, 23 самбар, найман блок шот, О.Ууганбаяр 13 оноо, М.Отгонмөнх 11 оноо, Б.Мөнхболд 10 оноо авчээ. Харин “SBL Хүлэгүүд”-ээс Б.Билгүүн 28 оноо, найман самбар, гурван блок, Дэвон Кларк 19 оноо, М.Бадрах 14 оноо, найман оновчтой дамжуулалт, Маркус Хаммондс14 оноо, 10 самбар, зургаан оновчтой дамжуулалт, З.Дэлгэрням дөрвөн оноо, 16 самбар авчээ.
Ингэснээр энэ тоглолтод “SBL Хүлгүүд” баг 91:84-ийн харьцаатай хожиж, цувралын эхний хожлыг авлаа. Цувралын хоёр дахь тоглолт маргааш буюу баасан гаригт 19:00 цагаас болно. Харин “Super Sunday” буюу хүрэл медалийн төлөөх цорын ганц тоглолт энэ ням гаригт 18:00 цагаас Спортын төв ордонд болох юм.