Энэ сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт гурван машин төөрч, нутгийн иргэдээс зам асуужээ.
Тэд тус суман дахь Цагаан цахирын алтны үндсэн орд, “Спейшл майнинг” компанийн эзэмшдэг, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газарт хүрэх учиртайгаа хэлсэн байна. Энэ ярианаас улбаалж, тээвэрлэж яваа ачаа нь мөнгөн ус агуулсан шороо байж болзошгүй гэж нутгийн иргэд сэжиглэжээ.
Химийн хүнд хортой металл бүхий шороо ачсан байх магадлалтай машинууд ингэж хаа хамаагүй давхиж яваад нутгийн иргэд бухимдаж, энэ тухай мэдээллийг орон нутгийн телевиздээ дуулгаснаар, мэдээллийн мөрөөр Баянхонгор аймгийн “Хонгор” телевиз орж, химийн хортой хаягдал болох шороог ямар байдлаар булшилсан дүрсийг авахаар одоогоор үйл ажиллагаагаа түр зогсоочгоод байгаа Цагаан цахирын уурхайд очжээ. Гэвч хамгаалагчид нь нэвтрүүлээгүй бөгөөд химийн хортой хаягдал болох шороог уурхайн талбайд булсан нь Засгийн газрын зөвшөөрөлтэй гээд энэ тухай мэдээлэл нь улсын нууцтай холбоотой учраас мэдээлэл өгөхгүй. Орон нутгийн удирдлагаас мэдээлэл ав гэжээ. “Хонгор” телевизийн сэтгүүлчид химийн хаягдалтай шороо булсан талбайн дүрсийг авахад шинээр ямар нэгэн юм булсан ул мөр байхгүй учир өөр газар булсан байх гэж таамаглал дэвшүүлж байв.
Химийн хортой хаягдал болох шороо ачиж явсан машинуудыг харсан Баян-Овоо сумын нэгдүгээр багийн иргэдтэй бид өчигдөр утсаар холбогдсон юм. Тэд “Архангайгаас гурван машин хортой бодистой шороо манай энд авчирч хаясан. Үүнийг бид яаж мэдэв гэхээр замдаа машинууд биднээс зам асуугаад, тэгээд мэдсэн. Гэхдээ бидэнд машин явж байгаа нь харагдсанаас бус буулгаж байгаа нь харагдаагүй. Архангайн юмыг Архангайд нь булшлахгүй яагаад заавал Баянхонгорт булшилж байгааг гайхаж байна. Ядахнаа зөөвөрлөж явахад мөнгөн ус агаарт ууршиж, орчноо бохирдуулж байгаа. Архангайнхан хордох ёсгүй, энд байгаа хэдэн малчид хордох ёстой болж байна уу. Сумын Засаг даргад энэ тухай хэлэхэд “Улсын онцгой байдлаас зөвшөөрөлтэй булж байна гэх юм. Бидэнд тэгж тайлбарласан, үнэн худлыг мэдэхгүй” хэмээн бухимдаж байлаа.
Цагаан цахирын уурхай нь Хятад улсын хөрөнгө оруулалттай “Спейшл майнинг” компанийн эзэмшилд байдаг аж.
Бид энэ тухай мэдээллийг үргэлжлүүлэн нийтэлнэ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин