ОУОХ-ны дүрмийн дагуу тус байгууллагын ерөнхийлөгч нь зөвхөн нэг удаа найман жилээр сонгогдон, дахин нэг удаа дөрвөн жилээр улиран сонгогдох эрхтэй байдаг. Тиймээс одоогийн ерөнхийлөгч Жак Рогге хоёр удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны албан үүргээ дуусган ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ.
ОУОХ-ны Ерөнхийлөгч Бельги улсын иргэн Жак Рогге нь 2001 оны долдугаар сарын 13-16-нд ОХУ-ын Москва хотод болсон ОУОХ-ны 112 дугаар чуулганаар ерөнхийлөгчөөр сонгогдон Испанийн Хуан Антонио Самаранчаас үүрэгт аж¬лаа хүлээн авч байлаа. Жак Рогге нь 2001 онд дөрвөн хүнтэй өрсөлдөж ялалт байгуулсан. Түүнтэй Ким Ун Ён, Р. Паунд, Ф. Анита, П.Смит нар өрсөлдсөн бөгөөд эднээс тухайн үед хамгийн хүчтэй нь ОУОХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан БНСУ-ын иргэн Ким Ун Ён байв.
Энэ удаагийн ОУОХ-ны ерөнхийлөгчийн нэр дэвшүүлэх үйл ажиллагааг харахад сонгууль ихээхэн өрсөлдөөнтэй болох шинжтэй байгаа юм.
Одоогийн байдлаар ОУОХ-ны ерөнхийлөгчид тус байгууллагын дэд ерөнхийлөгч Томас Бах, Сэр Миан Нг, гүйцэтгэх хорооны гишүүн Сергей Бубка, Чин Куо Ву, ОУОХ-ны гишүүн Ричард Кэррион, Денис Освальд нар албан ёсоор нэрээ дэвшүүлж, өрсөлдөхөөр болжээ.
Ингээд олимпийн хорооны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг танилцуулья.
Германы иргэн Томас Бах нь 1991 оноос эхлэн ОУОХ-ны гишүүнээр ажиллаж байгаа бө¬гөөд улсынхаа олимпийн хорооны ерөнхийлөгч, олон улсын спортын туршлагатай зүтгэлтнүүдийн нэг юм. Тэрбээр энэхүү албан тушаалд хүчтэй өрсөлдөгч нарын нэг юм.
Сингапурын иргэн Миан Нг нь “Сингапур-2010” хүүхдийн анхдугаар олимпийн наадмыг эх орондоо явуулахад зохион байгуулах хорооны даргаар ажилласан.
Пуэрто-Рикогийн иргэн, банкир Ричард Кэррион нь ОУОХ-ны санхүүгийн хорооны телевизийн эрхийг худалдаалах комиссын даргаар ажилладаг бизнесмен хүн.
Украиний иргэн Сергей Бубка. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF)-ны дэд ерөнхийлөгчийн ал¬бан тушаалтай. Тулгууртай харайл¬тын дэлхийн дээд амжилтыг олон удаа тогтоосон тэрбээр нэр дэвшигч нараас хамгийн алдартай нь.
Тайваний иргэн Чин Куо Ву нь 1988 оноос хойш ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон, олон улсын боксын холбоо (AIBA)-ны ерөнхийлөгчөөр 2006 оноос ажилласан.
Швейцарийн иргэн Денис Освальд нь олон улсын ровингийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Хуульч мэргэжилтэй. Зуны олимпийн спортын төрлүүдийн холбооны ерөнхийлөгч, “Лондон-2012” олимпийн зохи¬цуулах хорооны даргаар ОУОХ-г төлөөлөн ажиллаж байсан туршлагатай.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин