
Өвтэгш ёс суртахууныг түгээн дэлгэрүүлэх хороо гэж хэлэхээр, сонссон хүн зохиолд л байдаг байх гэж бодож магадгүй боловч үнэндээ бол энэ нь Саудын Арабт бодитой оршин буй байгууллага бөгөөд Шариатын гварди гэгч нь түүний харъяанд байдаг. Энэ нь улс оронд болж буй төрөл бүрийн арга хэмжээ лалын шашны хэм хэмжээнд нийцэж буй эсэхэд хяналт тавьдаг цагдаагийн маягтай шашны тусгай байгууллага юм. Тогтсон дэг жаягийг зөрчсөн, тухайлбал арга хэмжээн дээр согтууруулах ундаа хэрэглэсэн, бусдын анхаарлыг татахуйцаар хувцасласан хүмүүсийг гвардийнхан шууд баривчилна. Дөрөвдүгээр сарын дундуур Эр-Рияд хотод болсон Ардын болон шашны соёлын наадамд Арабын Нэгдсэн Эмиратаас ирсэн гурван залууд шариатын цагдаагийнхан чухам ингэж ханджээ. Баривчлахаар барахгүй улсаасаа хөөж гаргасан байна. Хөөн гаргасан шалтгаан нь сайхь залуус хэтэрхий царайлаг байсан явдал гэнэ. Саудын Арабын хүүхнүүд тэдэнд дурлачихаж магадгүй гэж лалын дэг журам сахиулагчид болгоомжилсон бөгөөд ийм явдал гаргуулж болохгүй гэж үзсэн байна. Авсан арга хэмжээ нь гурван сайхан залууд хожим яаж тусахыг шариатын цагдаа нар бодолцоогүй нь мэдээж, тэдэнд нутгийн хүүхнүүдийнх нь сэтгэл зүрх шархлах эсэх нь л сонин байв.
Ямар ч байсан энэ явдал олны анхаарлын гадуур өнгөрөөгүйгээр үл барам дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг ихээр татсан байна. Гурван залууг Саудын Арабаас хөөж гаргасны дараахан Facebook-т гэрэл зурагчин, загвар өмсөгч, жүжигчин, яруу найрагч Омар Боркан аль-Гала хэмээх залуугийн бичвэр тавигдав. Тэрбээр Саудын Арабаас гурван залуу хөөгдсөнийг дэлхий дахинд зарласан юм. Аль-Галагийн тавьсан мэдээ тэр даруйдаа хэдэн мянган like авсан бөгөөд хөөгдсөн гурвын нэг нь энэхүү аль-Гала гэгч өөрөө мөн болов уу хэмээн нийтээр таамаглажээ. Аль-Гала өөрөө үүнийг үгүйсгээгүй тул Саудын Арабын шариатын цагдаагийн “гарын шүүс” болсон хүн үнэхээр тэр мөн юм байна хэмээн олноор дүгнэсэн байна. Харин нөгөө хоёр нь хэн бөгөөд хэрхсэн гэдгийг нэг их сонирхсонгүй, өөрсдөө ч дуугарсангүй. Ингээд сайхан төрснөөсөө болж хөөгдөж туугдсан сайхь залуу од болов. Facebook-тээ тэрбээр бараг нэг сая like цуглуулжээ. Улмаар тэрбээр өөрийн гэсэн вэбсайт нээж, хэдэн мянган шүтэн бишрэгчтэй болохын сацуу ар араас нь цувуулан ярилцлага өгч эхэлсэн нь одоо ч үргэлжилж байна.
Олны анхаарлыг, тэр дундаа эмэгтэйчүүдийн анхаарлыг татаж байгаадаа тун таатай буйгаа аль-Гала сэтгүүлчидтэй ярилцахдаа байнга давтдаг. Өөрийнх нь хэлснээр, түүнийг гадуур явахад хүмүүс таньдаг, зураг хөргийг нь уралдан авдаг гэнэ. Олон нийтийн сүлжээгээр түүнтэй байнга харилцдаг хүний тоо олон мянга болжээ. “Өдөртөө л хэдэн мянган хүн надад юм бичдэг!” хэмээн тэрбээр бахархсан байна. Романитик харилцааны талаар асуусан сэтгүүлчдийн асуултад хариулснаар нь бол аль-Гала одоохондоо ямар нэг бүсгүйтэй учир ургуулаагүй байгаа бөгөөд насны ханиа хайж байгаа гэнэ. Гэхдээ 25 настай сайхан залуугийн хувьд шүтэн бишрэгч бүсгүйчүүдээс нь ирдэг өдий төдий бэлэг, илгээмж одоогоор хангалттай аж. Нэг тийм бүсгүй саяхан болсон төрсөн өдрөөр нь түүнд “Mercedes G55” машин бэлэглэжээ. “Би энэ бүсгүйг танихгүй. Төрсөн өдрөөр хүмүүс ирж нэг баримтад гарын үсэг зуруулаад л машин өгчихсөн” гэж Саудын Арабт сайхан царай нь хориглогдсон залуу ярьсан байна.
Саудын Арабаас хөөгдсөн нь түүний хувийн амьдралд аз хийморь хайрлаад зогссонгүй, мэргэжлийн хувьд ч ашиг авчирчээ. Загвар өмсөгчийн хувьд тэрбээр үнэд орж, тухайлбал Саудын Арабын хүүхнүүдийн эрхийг дэмжих зорилго бүхий сурталчилгааны хуанли зэрэг хэд хэдэн фото арга хэмжээнд оролцон зургаа авахуулав. Түүгээр барахгүй Иран-Америкийн нэртэй жүжигчин Навид Негабантай хамтран богино хэмжээний кинонд тоглосон байна.
Аль нэг газраас хөөгдөх эрсдэл дунд амьдрахгүйг бодсоных уу одоо аль-Гала Канадад гарч амжжээ. Шинэ орчинд тэрбээр хурдан дасан зохицоод, тав тухтай сайхан амьдарч байгаа нь өгсөн ярилцлагаас нь харагдана. Харин харагдахгүй байгаа ганц зүйл бий нь, Омар Боркан аль-Гала Эр-Риядад болсон арга хэмжээн дээрээс хөөгдсөн гурван хүний нэг үнэхээр мөн эсэх нь юм.
Сэтгүүлчид аль-Галагийн нөгөө хоёр нөхрийн тухай болон хэрхэн хөөгдсөн талаар нь ер асуухгүй аж. Асуухаар барахгүй аль-Гала өөрөө болсон явдлыг хэрхэн дүгнэж байгаа, шариатын цагдаагийн талаар юу гэж боддог, гурван сайхан залууг хайрлах боломжоо алдсан Саудын Арабын ганц бие бүсгүйчүүдийг өрөвдөж буй эсэхийг нь лавлавал сонин юм мөн ч их ярина даа. Гэвч шариатын цагдаа нарын хэт өндөр ёс суртахуунаас болж хэлмэгдсэн нөгөө хоёр нөхөр ам нээж байж л бидэнд тэр мэт сонин зүйлийг мэдэж авахаас өөр зам үлдээгүй бололтой.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
