Ногоочдод шийдэх гарц нь тодорхой байна

Хуучирсан мэдээ: 2013.05.30-нд нийтлэгдсэн

Ногоочдод шийдэх гарц нь тодорхой байна

Ногоочдод мянган зовлон байгаа ч шийдэх гарц нь тодорхой байна

Манай улс төмсөө 100 хувь, хүнсний ногооныхоо тал хувийг дотоодоосоо хангаж байна. Харин байцаа, сонгино, улаан, ногоон чинжүү, цэцэгт байцаа, сармисаа 100 хувь импортоор авдаг. Улаан лооль, өргөст хэмхийнхээ тал хүрэхгүй хувийг дотоодын ногоочид үйлдвэрлэдэг. Дэлхий нийтээр экологийн гаралтай, цэвэр бүтээгдэхүүнд “хошуурч” дотооддоо үйлдвэрлэж чадах бүтээгдэхүүнээ импортоор авахаас зайлсхийх болсон.  Импортын бүтээгдэхүүн чанар, аюулгүй байдал нь алдагдаж, хугацаа хэтэрсэн, химийн бодис шахаж, хиймлээр томруулдаг зэрэг олон шүүмжлэлийг араасаа дагуулдаг.  Дотоодынхоо хүнсний ногоо, нарийн ногоог 100 хувь хангах боломж манайд бүрэн бий хэмээн ярьсаар байгаад өдийг хүрч байна. Төр засгаас тариаланч, малчин, ногоочдод зээл тусламж өгч, техник, технологийг татвараас чөлөөлж байна гэсэн тайланг албаныхан байнга л тавьсаар ирсэн. Гэтэл тэр зээл, тусламж эзэндээ очиж наалдаггүй, хөрсөн дээрээ буудаггүй болохыг өчигдөр ҮХААЯ-нд болсон “Төмс, хүнсний ногооны салбарын хөгжлийн гарц” чуулганы үеэр Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Орхон” ногоочдын холбооны гишүүн Б.Батцэцэг шүүмжилсэн.

НАРИЙН НОГООНЫ СУУРЬ ЗАРДАЛ ӨНДӨР УЧИР ТАРИАЛДАГГҮЙ

Нэг га талбайд төмс, хүнсний болон нарийн ногоо тарьж, хурааж авах зардал борлуулж буй үнэндээ хүрэхгүй хүнд байдалд ороод байгааг салбарынхан дуулгасан. Учир нь ногоочид  банкнаас байр сууцаа барьцаалан зээлж авч ногоогоо тариалдаг ч  ашгаа нөхөж чадахгүй хүнд байдалд ордог жишиг олон бийг Б.Батцэцэг хэлсэн. Тухайлбал, Орхоны сангийн аж ахуйд 1100 орчим га талбайд 160 орчим иргэн төмс, хүнсний ногоо, багахан хэсэгт нь нарийн ногоо тариалдаг гэсэн.Учир нь, нарийн ногоо тариалахад га талбайд хураалтын зардалтайгаа нийлээд 4-5 сая төгрөг ордог аж. Гэтэл нарийн ногоон ихээр тариаллаа гэхэд зоорь хүрэлцээгүй, дээр нь зардлаа нөхөж, ашиг олж чадахгүй “шатахад” хүрдгийг  тэрбээр хэлж байсан.  Ингэхээр нарийн ногоо тариална гэдэг зунжин хөлс, хүчээ дэмий зарахаас цаашгүй байдаг учир ногоочид  тариалахаас зугтаадаг гэсэн. Харин төмсний хувьд  усалгаа арчилгаа бага шаарддаг, зардал харьцангуй хямд байдаг байна. Тухайлбал, га талбайд төмс тариалахдаа хураалтын зардалтайгаа  3-4 сая төгрөг зарцуулдаг байна. Ингээд га талбайгаас 20 тонн төмс хурааж аваад, тонныг нь 250- 300 мянган төгрөгөөр худалдаад сая төгрөгийн ашиг хардаг ажээ. Өнгөрсөн жил бороо хур сайн байсан тул ургац арвин авсны дээр иргэд их хэмжээний төмс тариалсан ч зоорь, борлуулалтын суваг нь байдаггүйгээс их хэмжээний төмсийг хашаандаа хөглөрүүлж, гахай малд өгөхөөс өөр аргагүй байдалд ороод буй зовлонгоо олон хүн хэлсэн. Тиймээс төмсийг дахин боловсруулж, төмсний гурил гаргах чиглэлийн үйлдвэртэй болох эрэлт, хэрэгцээ байгаа аж.

ЗООРЬ ХҮРЭЛЦЭЭГҮЙГЭЭС ИМПОРТЫН НОГООНД ОРОН ЗАЙ ОЛГОДОГ

Манайд зоорины хүрэлцээнээсээ шалтгаалаад тавдугаар сарын сүүлч гэхэд хураалтын үе хадгалах хугацааны хооронд зай гардгаас импортын ногоо энэ үед “даам гардаг” юм байна. Энэ талаар ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Т.Ариунболд “Тавдугаар сарын сүүлчээс наймдугаар сарын сүүлч хүртэлх хугацааг ойртуулж, хадгалалтын хугацааг нэмэгдүүлж, шинэ ургацаа эрт авдаг болмоор байна” гэв. Ингэхийн тулд төмс, ногоо тариалалтаа механикжуулах шаардлагатай байгааг ч тэрбээр хэлсэн. Одоогоор манайд тариалалтын ажлын 30 хувь нь механикжсан буюу техник технологи ашиглаж байгаа бол үлдсэнийг нь гараараа хийдэг байна. Ингэхээр ажлын бүтээмж муугийн дээр хүнсний аюулгүй байдал алдагдах үндэс болж байгааг мэргэжилтнүүд сануулсан. Дээр нь зоорины хүрэлцээ манайд ердөө л  50 хувьтай байгаа нь хамгийн том асуудал. Манайх жилд 242 мянган тонн төмс,  98 мянган тонн хүнсний ногоо хурааж авдаг байхад улсын хэмжээн дэх зоорины хүрэлцээ нь ердөө 173.6 мянган тонн аж.  Ингэхээр цаана нь үлдэж буй төмс, хүнсний ногоо хаягдал болохоос өөр аргагүй байгаа юм. Түүнчлэн манай улсын зоорины 121 мянган тонн нь энгийн буюу нүхэн зоорь байгаа бол үлдсэн 50 гаруй мянга нь механикжсан юм байна. Энэ жил зоорины хангамжийг сайжруулахаар Монголбанк ҮХААЯ-тай хамтарч 50 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг иргэдэд өгч байгаа аж. Ингэснээр зоорины хэмжээг энэ жил 40 гаруй  мянган, 2014 онд 80 мянган, 2016 он гэхэд 140 мянган тонноор нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг салбарынхан дуулгасан. Тэгэхээр зоорины асуудлаа шийдэхийн тулд хэсэг бүлгээрээ нэгдэж, бүсчилсэн хэлбэрээр хамтын хүчээр зоорьтой болох боломжийг ашиглахыг ногоочдод албаныхан уриалсан.

БОРЛУУЛАЛТ ХИЙХ СҮЛЖЭЭТЭЙ БОЛБОЛ НОГООНЫ ҮНЭ ХЯМДАРНА

Өмнөх Засгийн газрын үед дотооддоо нарийн ногоогоо 100 хувь хангадаг болно гэж чих халууцтал ярьсан ч одоо өргөст хэмх, улаан лоолио хагас дутуу хангахаас хэтрэхгүй байгаа нь бодит үнэн. Тэгвэл одоо Монгол Улс 2016 он гэхэд хүнсний ногоогоо дотооддоо 100 хувь хангана гэдгийг ҮХААЯ-ны дэд сайд Б.Цогтгэрэл амалж байна. Харин мянга амлаад бодит ажил хийж, ядаж иргэдэд ногоочдын гараас бүтээгдэхүүнийг хүргүүлэх нэгдсэн системтэй болох хэрэгтэй гэж  ногоочид аргаа барсан янзтай сөргүүлсэн. Тэгэхгүй бол ногоочдын гараас ченжүүд төмс, хүнсний ногоог хямд үнээр бөөндөж аваад үүнийгээ 2-3 дахин нугалж зардаг жишиг байсаар л байна. Ингэхээр салхинд хөхөрч, халуунд халж эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн ногоочид ашиг багатай байдаг аж. Төв аймгийн “Соёолж” бүлгийн ногоочин Х.Оюунцэцэг “Бид хүнсний ногоо, төмсөө зардаг нэгдсэн зоорь болон борлуулалтын системтэй болбол ногооны үнэ буурч, иргэд ч чанартай, шинэ бүтээгдэхүүнийг авах боломжтой болно” гэв. Түүнчлэн үрийн чанарыг сайжруулж, шинэ сортын үрийг оруулан ирвэл нарийн ногоо тариалах боломж  бүрэн байгааг ч тэрбээр онцолсон. Манай улс дотоодынхоо хүнсний цаашлаад нарийн ногоог  хангах бүрэн боломжтой ч салбарын бодлого нь уялдаа холбоогүй, системтэй зохион байгуулалтгүйгээс хөл толгойгоо алдаад байгааг ногоочид шүүмжилсэн. Даршилсан ногооны давсны орц ихэдсэн, багадсан, хортон шавьжийг нь устгах гэж ярихаасаа илүүтэй салбарынхаа гол асуудлыг барьж аваад, элгээрээ мөлхөж буй ногоочиддоо бодитой дэмжлэг үзүүлж, дорвитой шинэчлэл хийх шаардлагатай байгааг салбарынхан сануулж байна. Ногоочид ч өөрсдөө өөрчлөлт хийх цаг нь болсон гэдгийг хэлсэн.

Б.УУГАНБАЯР
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж