Т.Санчир: Монголын сагсчид ур чадвараар дутахгүй

Хуучирсан мэдээ: 2013.05.30-нд нийтлэгдсэн

Т.Санчир: Монголын сагсчид ур чадвараар дутахгүй

Энэ сарын дундуур БНХАУ-ын Инчеон хотод сагсан бөмбөгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Энэхүү тэмцээнд Монгол Улсын шигшээ баг БНХАУ, Хонгконг, Тайваний багт хожигдож, зургадугаар байрт орсон. Энэ жилийн “Үндэсний супер лиг”-ийн тойргийн тоглолтын онооны лидер “Баянзүрх Буллз” багийн довтлогч Тунгалагийн Санчир Монголын шигшээ багийн ихэнх оноог авсан юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Энэ сарын дундуур БНСУ-д бол­сон сагсан бөмбөгийн Зүүн Азийн АШТ-ий талаар ярилцлагаа эхлэх үү?

-Өмнөд Солонгосын Инчеон хотод болсон Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай шигшээ баг “В” хэсэгт БНХАУ, Хонгконгийн багтай тоглосон. Бид энэ багийг хожих гол зорилготой байсан. Хэрэв тэднийг хожвол Азийн АШТ-д оролцох эрхээ авах байсан. Гэсэн ч боломжоо ашиглаж чадаагүй гурван онооны зөрүүтэй хожигдсон. Харин маргааш нь БНХАУ-ын багт 60 гаруй онооны зөрүүтэй дийлдсэн. Бид хоёрдугаар үед олон алдаа хийж, Хятадад олон оноо алдсан. Харин тавдугаар байрын төлөө Тайваньтай боломжийн тоглосон. Монголын шигшээ баг 2009 онд Японд болсон Зүүн Азийн АШТ-д Тайваньд 40 гаруй онооны зөрүүтэй хожигдож байлаа. Энэ удаа тэнцүүхэн тоглож, гуравдугаар үед муу тоглосноор хожигдсон.

-Өөрийн тань хувьд багийнхаа ихэнх оноог авсан байх аа?

-Хонгконгийн эсрэг 39 оноо авсан. Энэ нь миний шигшээ багт авсан хамгийн өндөр оноо. БНХАУ-тай тог­лоход 18, Тайванийн эсрэг 30 оноо авсан.

-Манай сагсан бөмбөгчдийн ур чад­вар сая тоглосон орнуудын сагсчидтай харьцуулахад хэр ялгаа ажиглагдсан бэ?

-Бидний хувьд бусад орны тоглогчдоос байнгын бэлтгэл, нуруу­гаар дутуу санагдсан. Саяын тэмцээнд бидний эсрэг тоглосон Хятадын шигшээ багт гэхэд хоёр метр 10-аас дээш өндөртэй гурваас дөрвөн тоглогч байх жишээтэй. Түүнээс биш ур чадвараар дутах зүйл байхгүй. Бид хамтдаа олон сар бэлтгэлтэй байвал Азийн багуудтай тэнцүүхэн өрсөлдөх боломжтой гэж бодож байгаа.

-Монголын шигшээ баг саяын тэмцээнд оролцохын өмнө хамтдаа хэр хугацаанд бэлтгэл хийсэн бэ?

-Сар гаруй хугацаанд хамтдаа бэлтгэл хийсэн. Хэрэв үүнээс илүү хугацаанд бэлтгэлээ базаасан бол өндөр амжилт үзүүлэх бүрэн бололцоотой байсан.

-Чиний хувьд Монгол Улсын шигшээ багт хэзээнээс тоглож эхэлсэн бэ?

-2009 онд Японд болсон Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх шигшээ багт тоглосон. Түүнээс хойш “Гуанжоу-2010” Азийн наадам, Наньжин, Инчеоны Зүүн Азийн АШТ-д оролцсон. Мөн өнгөрсөн жил Тайваньд болсон сагсан бөмбөгийн оюутны Азийн АШТ-д залуучуудын шигшээ багт тоглосон юм байна.

-Өнгөрсөн жилийн оюутны Азийн АШТ-д манайхан хүрэл медаль хүртсэн. Тэр тэмцээний талаар ярихгүй юу?

-Монголын оюутны шигшээ баг Тайваньд болсон оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ Ш.Сэдбазар, спортын мастер Д.Пүрэвдорж ах нарын удирдлага дор оролцсон. Бидний хувьд богинохон хугацаанд багаа бүрдүүлж, цаашлаад олон улсын чанартай тэмцээнд тогло­сон нь чамлахааргүй амжилт гаргасан гэж бодож байна. Гэхдээ бид үүнээс ч илүү амжилт гаргах боломж байсан ч ашиглаж чадаагүй. Хамтдаа сар гаруйн л хугацаанд бэлтгэл хийсэн болохоор хоорондоо ойлголцохгүй байх явдал гарсан. Оюутны Азийн аваргад манай улсаас БНХАУ, Тайвань, БНСУ, Филип¬пин, Хонгконг гэсэн зургаан баг тойргоор тоглосон. Манай залуус БНХАУ, Хонгконг, Филиппинийг хожоод Өмнөд Солонгос, Тайваний багт хожигдсон. Ингээд хүрэл медалийн төлөө Филиппинтэй дахин тоглоход 86:78-аар хожсон.

-Үүнээс хоёр жилийн өмнө Мон¬голын оюутны шигшээ баг мөн хүрэл медаль хүртэж байсан. Тэр тэмцээнд оролцсон уу?

-2010 оны оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гээд бэлтгэл хийж байсан. Харин гадаад паспортын хугацаа дууссаныг мэдээгүйгээс, урилга гараагүйн улмаас оролцож чадаагүй. Тухайн үед маш их харамссан.

-Сагсан бөмбөгийн гараагаа хаанаас эхэлсэн бэ?

-Би нийслэлийн Баянгол дүүргийн 40 дүгээр дунд сургуулийг төгссөн. Наймдугаар ангиасаа сургуулийнхаа сагсан бөмбөгийн секцэнд орж, спор¬тын мастер М.Мэндсайхан агсны удирдлага дор дүүргийн аварга шал­гаруулах тэмцээн, өсвөрийн лигт тоглож байсан.

-Тэгээд арван жилээ төгсөөд шууд ХҮДС-д орсон уу?

-Үгүй аравдугаар ангиа төгсөөд “Отгонтэнгэр” их сургуульд урилгаар орсон. Оюутны лигт манай сургуулийн баг ХҮДС-ийн эсрэг тоглосон. Тэр тоглолтын дараа Ц.Цэвэрбал багш маань өөрийнхөө багт орох санал  тавьсан. Түүнээс хойш өнөөг хүртэл багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа. Дунд нь нэг жил “Хасын Хүлгүүд” багт тоглосон.

-Ингэхэд хэдэн оноос лигт тоглосон бэ?

-2007 онд анх “Таван толгой транс” компанийн “Ёлууд” багт тоглосон. Тэр жил манай баг “Сэнгүр лиг”-т “Харцага” багт хожигдож, мөнгөн медаль хүртэж байсан. Миний хувьд анхны жил талбайд бараг тоглоогүй. Харин дараа жилээс нь гарааны бүрэлдэхүүнд тоглох болсон доо. Тэр жилээ “Спортын цонх” сэтгүүлийн хамт олноос шалгаруулдаг шилдэг амжилт ахисан тоглогчоор тодорсон.

-Лигт тоглосноос хойш олон шагнал хүртсэн биз?

-2008 онд амжилт ахисан тоглогчоор шалгарсан нь миний анхны шагнал. Харин 2011 онд “Ниссан премьер лиг”-ийн “Бүх оддын тоглолт” болон улирлын “Үнэ цэнэтэй тоглогч”-ийн шагнал, энэ жил “Үндэсний супер лиг”-ийн онооны лидерээр тодорч, “NBA CHINA-2013” үзэх эрх, 500 мянган төгрөгөөр шагнуулсан.

-Лигт түрүүлж үзээгүй байх аа?

-Тийм ээ. 2007 онд “Ёлууд”, 2012 онд “Хүлгүүд” багт тоглож байхдаа мөнгөн медаль хүртсэн. Мөн 2008, 2010 онд хүрэл медаль авч байлаа.

-Энэ жилийн лигт дээд оноо тань хэд вэ?

-“Супер лиг”-ийн хоёрдугаар тойрогт “Эхлэл МВМ” багийн эсрэг 55 оноо авсан нь миний дээд үзүүлэлт.

-Өмнө нь үүнээс өндөр оноо авч байв уу?

-Үгүй ээ. Анх удаа ийм өндөр оноо авч байна. 2006 онд Дархан-Уул аймагт болсон өсвөр үеийн УАШТ-д хамгийн дээд тал нь 53 оноо авч байлаа.

-Өсвөр үеийн УАШТ-д оролцож байхад одоо лигт тоглож байгаа хэн хэн оролцож байв?

-“SBL Хүлгүүд” багийн холбон тоглогч О.Сэргэлэн, төвийн тоглогч Б.Билгүүн, манай багийн Д.Мөнхтүвшин, “Танан гарьд”-ын Ц.Азбаяр, “Харцага”-ын О.Золзаяа нар тоглож байсан.

-Анхдугаар “Үндэсний супер лиг”-т танай баг плей-оффт шалгарч чадаагүй. Ер нь энэ жилийн лигийн өрсөлдөөн хэр байна вэ?

-Манай баг өнгөрсөн жил МСБХ-ны лигийн аварга болсон. Энэ жилийн “Супер лиг”-т аваргаа хамгаалах гол зорилготой байлаа. Гэсэн хэдий ч бид плей-оффт шалгарч чадаагүй нь харамсалтай санагдаж байна. “Супер лиг”-т америк легионер тоглогч олноор тоглосон нь тэмцээнийг тун өрсөлдөөнтэй болгосон. Нэг багт гэхэд хоёр гурван легионертой байсан нь багуудын хүчийг тэнцүүлсэн гэж боддог. Хэрэв манай баг гуравдугаар тойргийн сүүлийн хоёр тоглолтод хожсон бол плей-оффт өрсөлдөх боломжтой байсан. Миний хувьд “Харцага”-тай хийсэн тоглолтод сүүлийн мөчид торгуулийн хоёр шидэлтээ алдаж, багаа хөөдсөн. Хэрэв нэгийг хийсэн бол ялалт байгуулах байлаа.

-Ойрд ямар тэмцээн байгаа вэ?

-Долдугаар сарын эхээр ОХУ-ын Казаньд оюутны “Универсиад” наадам болно. Тус тэмцээнд оролцоно. “Супер лиг”-ийн плей-оффын тоглолтын дараа Монголын оюутны шигшээ багийнхан Спортын төв ордонд бэлтгэлээ базааж байгаа.

-Өөрийнхөө тоглолтод юунд анхаармаар санагддаг вэ?

-Цаашид хурд, хүчний тал дээр анхаармаар байна. Мөн торгуулийн шидэлтийг өндөр хувьтай шидэхийг эрмэлздэг.

-Биеийн өндөр хэд байгаа вэ?

-190 см.

-Багадаа хэр өндөр хүүхэд байв?

-Есдүгээр ангидаа 188 см өндөр байсан. Түүнээс хойш ердөө хоёр см өссөн юм байна.

-ХҮДС-ийг ямар мэргэжлээр төгссөн бэ?

-2011 онд ХҮДС-ийн олон улсын худалдааны менежмент мэргэжлээр төгссөн.

-Одоо хаана ажиллаж байгаа вэ?

-“Хадгаламж” банкинд ажиллаад жил гаруй хугацаа өнгөрч байна.

-Байнга тэмцээн, бэлтгэл сургуулилалт гээд явахад хамт олон чинь хэрхэн хүлээж авдаг вэ?

-Харин манай ажлын хамт олон намайг маш сайн ойлгодог. Ялангуяа манай Н.Бэлэгт захирал энэ тал дээр ихээхэн тусалж дэмждэг.

-Банк хоорондын сагсан бөм­бөгийн тэмцээн тун өрсөл­дөөнтэй болдог. Энэ тэмцээнд оролцож байв уу?

-Банк хоорондын тэмцээнд тухайн банкиндаа нэгээс дээш жил ажилласан байх шаардлагатай. Тиймээс өнгөрсөн жил тоглоогүй. Харин энэ жил оролцох байх.

-Ээж чинь чиний тоглолтыг тасралтгүй үзэж харагддаг?

-Тийм ээ. Ээжийг маань С.Тунгалаг гэдэг. Сэтгүүлч мэргэжилтэй. Миний бүх тоглолтыг алгасалгүй үздэг. Миний ээж намайг бүх талаар дэмждэг. Орой ирэхэд тоглолтын бүх хувцсыг угаагаад индүүдчихсэн, хоол хийгээд хүлээж байдаг.

-Найз охинтой юу?

-Байгаа.

-Найз охинтойгоо анх танилцсан түүхээ ярихгүй юу?

-Гуравдугаар курст байхдаа сургуулийн аяллын галын наадмын үеэр танилцсан. Анх намайг сагсан бөмбөг тоглодог гэж мэддэггүй байлаа. Танилцаад удаагүй байхдаа, би тэмцээнд орж байгаа ирж үзээрэй гээд яваад өгсөн. Түүнээс хойш байнга тэмцээн үздэг болж, илүү дотно танилцсан.

-Монголын сагсан бөмбөгчдөөс хэнийг хүндэлж явдаг вэ?

-Монгол Улсын гавьяат тамирчин М.Шаравжамц, ОУХМ Т.Түвшинбаяр, М.Отгонбаяр ах нарыг хүндэлдэг.

-NBA-гийн ямар багийг дэмждэг вэ?

-Миний хувьд Коби Брайантыг шүтдэг. Тиймээс “Лос-Анжелес Лейкерс”-ийг дэмждэг.

-Сагсан бөмбөгөөс өөр спортоор хичээллэж байв уу?

-Дөрөвдүгээр ангидаа Монгол Улсын гавьяат тамирчин Д.Оюунболд агсны “Хангай” клубт чөлөөт бөхөөр хичээллэж байсан.

-Ярилцсанд баярлалаа. Спортын өндөр амжилт хүсье.

Б.БАТ
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж