
Ярилцлагыг Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа, уг зөвлөлийн Соёлын өвийн хөтөлбөрийн захирал хөгжим судлаач Д.Баянмөнх нар сонирхолтойгоор хөтөлж явуулсан. Хэн юу асууж, дуучин хэрхэн хариулж байсан талаар мэдээлэл бэлтгэснээ сонирхуулъя.
МУЗ-ийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа:
-Юуны өмнө уулзалт ярилцлагын эхэнд дуучин Урнагийн уран бүтээлийн тоглолтыг эх орондоо хоёр дахиа зохион байгуулж байгаа “Цэрэн турс” компанийн захирал Э.Цэрэндолгорт талархаж байгаагаа илэрхийлье. Энэ эмэгтэй амжилттай бизнес эрхлэгчийн зэрэгцээ дэмжиж, ивээн тэтгэх замаар Монголын урлагийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсаар байгаа хувь хүн юм. Түүнийг нийгмийн хариуцлагатай иргэн гэж тодорхойлмоор байна.
Дуучин Урнаад хандаж хэдэн үг хэлье. Би таны фэн. Таны дууг сонсдог. “Амилал” CD тань манайд байдаг. Гэртээ тайван амрах өдрөө зорьж сонсоход сайхан тайвшралыг, талын уудам, хүн зоны амар амгаланг мэдрэх шиг болдог. Мөн гэртээ урлагийн чиглэлийн зочид урихдаа зориуд онцолж сонсгодог. Тэгэхээр би таны сонсогч, уран бүтээлийн тань хэрэглэгч. Миний мэдэрснээр та зүрхнээсээ дуулдаг, үнэнийг өгүүлдэг, уянгалаг, хүчтэй, өргөн цар хүрээтэй хоолойтой, олон олон түүхийн талаар өгүүлдэг, дуу бүр тань өгүүлэмжтэй, нүүдэлчин соёлтой хүний мөн чанарыг агуулдаг. Ингээд дүгнэхэд та давтагдашгүй бүсгүй, дэлхийн том дуучин. Энэ бүхэн миний хувьдаа хийсэн дүгнэлт юм. Таны уран бүтээлийг бүхэлд нь авч үзээд товч тодорхойлбол би “Сэтгэлээс урсах уянга, хүч, давтагдашгүй, тайвшрал” гэнэ. Ингээд өнөөдөр энд хүрэлцэн ирсэн та бүхэнд Урнагийн талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэсэн хөгжим судлаач Баянмөнхийг урьж байна.
Д.Баянмөнх:
-Дуучин Урна бол Өвөр Монголын Ордос нутагт төрсөн, малчны хүүхэд. 18-тайдаа ёочин хөгжим сурч, улмаар энэ мэргэжлээрээ Шанхайн Хөгжмийн дээд сургуульд элсч, амжилттай суралцаж төгссөн. 1993 онд уран бүтээлийн анхны тоглолтоо хийсэн. 1994 оноос хойш гадаадын уран бүтээлчидтэй хамтарч ажиллах болсноор өөрийн гэсэн урлагийн замыг өөртөө нээж, Герман, Египетэд суурьшиж амьдран уран бүтээл туурвих болсон. Олон улсын хөгжим судлаачид түүнийг дэлхийн дуучин гэж тодорхойлдог. Ингээд ярихаар дэлхийн хөгжим гэж юу юм бэ гэсэн асуулт гарах байх, тайлбарлая. Олон улсын хөгжим судлаачид юуг дэлхийн хөгжим гэдэг вэ гэхээр дэлхийд алдаршсан хөгжим судлаач Роберт Брауны “Сонгодгоос бусад язгуур гэх бүх, өөрөөр хэлбэл олон үндэсний хөгжмийг дэлхийн хөгжим гэнэ” гэсэн тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөх нь илүү байдаг.
Ц.Ариунаа:
-Та Монголд гурав дахиа ирж байна. 2005 онд таны тоглолт үзэгчээр тааруу байсан. Өнөөдөр монголчууд таныг, таны уран бүтээлийг ингэж сонирхох болсныг юу гэж үзэж байна вэ?
-Манай Цэрэнгийн сайных юм болов уу. Мэдээлэл түгээх харилцаа холбооны орчин үеийн сүлжээний ач ч байх.
-Таны төрөлх Ордос нутаг танд юу өгсөн бэ?
-Эх нутаг, байгалиа хайрлах, дээдлэх сэтгэлийг.
“Азийн урлаг” сэтгүүлийн редактор Ян:
-Та Хятадад сурч байхдаа тус улсын бага ястнуудын хөгжмийг судалж байсан уу?
-Сонирхож байсан. Би Шанхайд сурч байхдаа Хята¬дын бүхий л, 56 үндэстний хүүхдүүдтэй хамт сурч байлаа. Сургуулиа төгсөхдөө олон үндэстний долоо, найман уран бүтээлчтэй нэгдэж хамтлаг болж уран бүтээл хийж байсан.
“МонРеИмпекс” компанийн захирал Р.Туяацэцэг:
-Би нээлттэй, илэн далангүй ярилцахыг хүсч байна. Би таны дуу, уран бүтээлийг сайн ойлгохгүй байгаа юм. Зарим талаар уйтгартай ч юм шиг. Таны чухам юу хүмүүсийг татдаг юм бол гэж бодож байсан удаатай. Та юу гэж хариулах вэ?
-Сэтгэлд хүртэл дуулъя гэвэл сэтгэхүйтэй дуул гэдэг үг бий. Би хаана ч явсан монголоороо дуулдаг. Тайзан дээр гараад монголоороо мэндэлдэг. Энэ сэтгэл, сэтгэлгээ маань хүмүү¬сийг татдаг байх.
Зочин:
-Та монгол дуучин байж яагаад дандаа гадаадад амьдардаг юм бэ?
-Уран бүтээлээ хийх, монгол дуу, урлагаа дэлхийд таниулж явах үүднээс гадаад оронд амьдардаг. Гэхдээ нутагтаа байнга очдог. Жилдээ нэг, хоёр удаа очдог. Тэндээ янз бүрийн юм хийдэг. Хүүхэд залуусыг дэмждэг. Гэртээ очиж, малаа хариулдаг. Аав ээждээ очсон хүн чинь зүгээр суугаад байж болохгүй шүү дээ. Шууд л малчин болчихдог. Тэгээд мал дагаад бэлчээрт яваад байхаар манай нутагт “Энэ одоо дэлхийд нэртэй дуучин гэж үнэн юм уу даа. Нэртэй дуучин юм бол юу гэж ингээд явж байх вэ, худлаа байх аа” гэсэн яриа хүртэл гарсан байсан.
“Моханик” хамтлагийн дуучин Цоожоо:
-Тантай уулзаж байгаадаа баяртай байна. Монголын уран бүтээлчид хэт гадаад тийшээ хазайсан юм хийдэг. Тэгсээр байгаад мэдрэмжээ гээгээд эхэлсэн. Юу алдаад байгаагаа мэдэхгүй л хоосон даган дуурайгаад байдаг. Таныг анх сонссон хүмүүс таниас өөрийн сонсч дассанаа хайгаад байсан байх. Бид анх ямар ч хаалтгүй задгай ертөнцөд хөгжим, аялгууг мэдэрч тоглодог, дуулдаг байсан бол одоо улам л хаалттай, ханаар тусгаарлагдсан баригдмал байдалд уран бүтээл хийх болсон. Ханатай, хаалгатай, бас түлхүүртэй тэр ертөнцөд уран бүтээл хийх гэсэн хүмүүс түлхүүрийг нь олж байж ажиллах гээд байдаг. Гэтэл таны ертөнцөд нэвтрэхэд ямар ч түлхүүр хэрэггүй юм байна. Та өөрөө л хүмүүсийг дууддаг гэж бодогдож байна. Ийм мэдрэмж өгсөн танд баярлалаа. Таны шүлэг хаанаас төрдөг вэ?
-Надаас, өөрөөс минь юм болов уу. Багадаа тэмээн жингээр давсанд явсан аав, өвөөгөө хүлээж, харуулдаж ээжтэйгээ хамт суудаг байлаа. Тэгж байх үеийн дурсамж, бодрол шүлэг болсон байдаг. Энэ мэтээр миний амьдрал, ахуй, монгол байгаа минь шүлэг болж өгдөг. Гэхдээ би шүлэгч биш ээ. Тархинд хааяа орж ирсэн бодол, шүлгийн мөрүүдийг тэр даруйд нь цаасан дээр тэмдэглээд авдаг юм. Тэгэхгүй бол мартчихна. Дахиад яг түүн шигээр санахгүй. Би аливааг ажиглаж суралцдаг. Хүнтэй юм ярьж байхдаа тэр хүнээс суралцаж л байдаг.
Швейцарийн хөгжлийн агентлагийн ажилтан Монгол хатан:
-Би Германд 10 жил амьдар¬сан. Тэр үеэс таныг мэднэ. Таны уран бүтээлийг ойлгодоггүй гэж хэлж байгаа хүмүүст хандаж хэлэх үг байна л даа. Дуучин Урнаагийн урлаг бол ухаанаар ордог гэхээс илүү зүрх сэтгэлд хүрдэг урлаг онцгой урлаг. Тиймээс хүмүүсийг аяндаа дагуулдаг. Та “Эзэн Богдын хоёр загал” дуугаа дуулж өгөхгүй юу.
Дуучин Цахар Тугч Урна “Эзэн Богдын хоёр загал”-аа дууллаа. Хэн нэгэн шүлсээ залгисан ч сонсогдом нам гүмд Урна дуулж хүмүүс нүдээ анин сонсов. Түүний “Амилал”CD-д буй дуунуудын жагсаалтад “Тэнгэрийн шувуу” гэсэн нэр байсан. Урнагийн дуулахыг, ер нь түүнийг өөрийг нь юутай ч зүйрлэмээр юм бэ дээ. Тэнгэрийн дууч шувуу ч юм уу. Хүчээр зүйрлүүлэх гэхийн хэрэг алга. Ерөөсөө л МУЗ-ийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаагийн хэлдгээр Урна бол давтагдашгүй, аялгуу сэтгэлээс нь урсдаг Монголоороо бахархаж, Монголоо дээдэлж, Монголоороо гоёж, Монголдоо сүсэлж амьдардаг дэлхийд монголоороо мэндэлж, дуулж яваа малчин эмэгтэй аж.
Зочин:
-Таны хөгжим, дуунд хүрэх цэг, хүрээ байна уу?
-Хөгжим, дуунд хил хязгаар гэж байхгүй.
Зочин:
-Өвөр Монгол, Монгол Улсаас ч тэр, яагаад танаас өөр дуучин дэлхийд гарахгүй байна гэж боддог вэ?
-Хойно хойноосоо дуучид гарах байх аа. Хүмүүс намайг Германд амьдардаг байж яагаад германаар дуулдаггүй юм бэ гэж асуудаг. Тэгэхэд нь би “Германаар дуулдаг хүн олон шүү дээ. Гэтэл монголоор хэн дуулж байгаа юм. Ядаж би монголоороо дуулж явъя л даа” гэж хариулдаг.
“Цэрэн турс” компанийн захирал Э.Цэрэндолгор:
-Монголд ирээд явсан европ жуулчин бүр Урнаг мэддэг, ойлгодог, түүнд дуртай болдог. Найзыгаа Монголдоо урьж, тоглолтыг нь зохион байгуулж байгаа маань миний өөрөө өөртөө барьж буй маш том бэлэг юм.
-Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ:
-“Бөртэ” хамтлаг, кино найруулагч Д.Бямбасүрэн бид хамтарч уран бүтээл хийж байсан. Урнаг ойлгохгүй байна гэсэн хүмүүст хандаж нэг тодотгол хэлэхийг хүсч байна. Түүний дуунаас хамгийн гоё торгомсог тансаг мэдрэмжийг авдаг.
“976” галерейн захирал Б.Гантуяа:
-Таны дууг сонсоход тал газар юу ч бодохгүй дээшээ хараад хэвтэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг.
-Баярлалаа. Би амьдралаас олон юмыг сэрж мэдэрдэг. Хоёр настан минь намайг “Талтайгаа адил цээжтэй яваарай” гэж сургадаг. Талын чинээ уудам, уужуу байгаарай гэсэн үг ээ дээ. Тал нутаг, монгол газар минь намайг дуучин болгосон.
Р.Туяацэцэг: -Би энэ дуучны урлагийг, дуулахыг нь тэгтлээ ойлгохгүй байгаа юм биш л дээ. Залуучууд намайг ойлгохгүй байна гэж бодоод байх шиг байна. Урнаг илүү олон хүн сайн мэдэж таниасай гэж хүссэн юм.
Ц.Ариунаа:
-Энд байгаа хүмүүсийн дунд Туяаг танихгүй хүн байж магадгүй. Балет¬мейстер, сонгодог ч, модерн ч чиглэлээр уран бүтээл туур¬видаг, одоо бизнес эрхэлдэг хүн. Урлагт хөрөнгө харамгүй зориулдаг ивээн тэтгэгч. Туяа чамд, энэ удаагийн уулзалтыг сонирхолтой, өрнөлтэй болгож өгсөнд баярлалаа.
Уулзалт ярилцлагын дараа “Моханик” хамтлагийн Цоожоогийн хэлсэн үг бодогдоод байлаа. Дуучин Урна бүхий л талаар нээлттэй хүн юм. Монголчууд бид удам угсаагаа гэх болж. Түүх, соёл, ахуй, зан заншил маань бусад улс үндэстнээс ялгаатай юм байна, тэгэхээр бид бусад үндэстнээс ялгаатай, тийм болохоор сонирхолтой ард түмэн юм гэсэн бодол төрсөөр байлаа.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
