Зуун жилийн түүхтэй “Тоска” дуурь

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Зуун жилийн түүхтэй “Тоска” дуурь

Дуурь бүжгийн эрдмийн театрт өчигдөр нэрт хөгжмийн зохиолч Дж.Пуччинигийн “Тоска” дуурийн гайхамшгийг мэдэрлээ. Энэхүү дуурийн цомнолыг Дж.Джзакозы, Л.Иллихи нар зохиожээ. Анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Костанци” театр тоглож байсан аж. Тухайн үед алдарт жүжигчин С.Бернартад зориулж бичсэн В.Сардугийн “Флория Тоска” жүжгээс сэдэвлэн цомнолыг бичсэн бөгөөд үйл явдал 1800 онд Ромд болох ба жирийн зураач Кавародосси шоронгооос оргосон эх оронч Анжелоттид тусалснаар бүх зүйл эхэлнэ. Дж.Пуччини тухайн үед В.Сардугийн “Флория Тоска” жүжгийг үзээд сэтгэл нь маш их хөдөлж, улмаар хөгжим бичиж дуурь болгосон гэдэг.

Тэр үед Австрийн дарангуйлагчдын эсрэг өрнөж байсан эх оронд ч хөдөлгөөн Пууччинид илүү их нөлөөлсөн байна. Гурван бүлэг,гурван үзэгдэл бүхий энэ дуурьт болж буй үйл явдал, дүрүүд нь аль нийгэмд байдаг бодит дүрүүд ба энэ уралгийн хэлээр хүмүүст сайхан муухайн, сайн мууг харуулж байгаагаар онцлог. Хэдийгээр зуугаад жилийн өмнө энэ дуурийн анх тоглож байсан ч одоо ч хуучраагүй хэвээр.

…Сүмд дарь эхийн зураг зурж байсан Каварадосси, хувьсгалын үйл хэргийг дэмжиж шоронгооос оргосон эх оронч Анжелоттиг гэртээ аваачиж худагт нууна. Энэ үеэр түүний сүйт бүсгүй үзэсгэлэнт Тоска ирж, дарь эхийн зургийг үзээд Каварадоссийг хардаж эхэлнэ. Энэ үед цагдаагийн ахлагч Скарпья ирж Тоскагийн бухимдлыг далимдуулан Каварадоссиг сэжиглэж эхэлнэ. Цагдаагийн ахлагч Скарпья Тоска бүсгүйд сэтгэлтэй болж, түүний хайрт залуу Каварадоссиг баривчлан байцааж эхлэнэ. Каварадоссийг хичнээн тамлан, зовоосон ч Анжелоттигийн нуугдсан газрыг үл хэлнэ. Цагдаагийн ахлагч Скарпья Тоскаг өөрийн болгох хорон муу санаагаа хэрэгжүүлж Тоскаг ажлын өрөөндөө авчирна. Хажуухан талд нь хайртай залуу тамлагдан зовж байгаа дууг сонсоод тэсвэр алдан оргодол Анжелоттиг хаана нуусан газрыг цагдаагийн ахлагч Скарпьяд хэлнэ. Зураачийг цагдаа нар авч яван шоронд хорьж, цагдаагийн ахлагч Скарпья цаазлах ял оноолоон Хартай залуу нь цаазлуулах болсонд Тоска Скарпьягаас Кварадосийн амийг хэлтрүүлэхийг гуйна. Скарпья өөрийн этрний хүслийг биелүүлэхээр шийдэж Каварадосийн амийг аварсны хариуд Тоскаг өөртэй нь гэрлэх болзолыг тавина. Хэрэв Тоска түүнийн болвол Кавародоссийг суллана гэсэн амалалт өгч бичиг үйлдэж өгнө. Тоска гаднаа зөвшөөрсөн мэт жүжиглэж Скарпьянаас өнөөх бичгийг аван ширээн дээр байсан хутгаар түүний амийг хорооно.

Дэлхийд алдартай Мария Каллас, Анжела Гейргий зэрэг дуурийн томчуул дуулж чаддаг Флория Тоска бүсгүйн дүрд Ардын жүжигчин Б.Жавзандулам чадварлаг тоглосон. Монголын эмэгтэй дуурийн дуулаачид дундаа хамгийн гайхамшигтай, чадалтай хоолойтой дуучин учир Тоска бүсгүйн дүрийг улам илүүтэй хүмүүст ойлгуулсан байх. Харин зураач залуу Каварадоссид Ц.Доржсүрэн, Анжелиттод гавьяат жүжигчин М.Болд, Скарпьяд соёлын тэргүүний ажилтан Ц.Баттөр, тахилч Р.Батболд, Сполеттод Г.Шижирболд, шүүгч Б.Алтанхуяг, Хамба лам О.Батбаатар зэрэг уран бүтээлчид тоглож, урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх симфони, найрал хөгжимчдийн хамт Дж.Пуччинигийн гайхамшигт аялгууг мэдрүүлсэн.

…Гэтэл өнөөх амлалт өгсөн бичиг хуурамч бичиг гэдгийг Тоска үл мэднэ. Каварадоссийн амьд явах хугацаа бага үлдсэн учир хайрт бүсгүй Тоскадаа захидал бичнэ. Гэнэт Тоска хүрч ирэн, удахгүй хамтдаа байх тухай ярьж, түүнд Скарпьяг алсан тухай, удахгүй суллагдах тухай сэтгэлт догдлон ярина. Тоска Каварадоссийг хуурамчаар буудах үед цэргүүдийг яван явтал үхсэн мэт байхыг дахин, дахин захина. Каварадосс ч Тоскатай хамт зугтаж чадна хэмээн итгэж цэргүүдтэй хамт цаазын яллах газар очиж зогсоно. Хажуухан талаас нь Тоска нуугдан хайртай залуугаа харна. Буун дуу пижигнэж, Каварадосстойгоо уулзахыг тэсэн ядан хүлээх Тоска бүсгүй цэргүүдийг явсны хайрт дээрээ очно. Гэтэл… Каварадосс амьсгал хураажээ.  Каварадоссийн цогцсыг тэврэн, уйлж суух Тоскаг цэргүүд баривчилахаар иржээ. Цагдаагийн ахмад Скарпьяг алсэн хэргээр түүнийг баривчилхаар ирсэн нь энэ аж. Хамгаас хайртай залуу нь нас барж, бүх зүйл дуусч байгааг ухаарсан Тоска бүсгүй сүмийн орой руу зугтаж “Скарпья эрлэгийн үүдэнд уулзая” хэмээн хэлээд цамхагаас үсрэн амиа хорлосноор Тоска бүсгүйн эмгэнэлт хайрын түүх төгсөнө.

Энэхүү дуурь Пуччинийн хамгийн хүнд драмтай дууриудын нэг бөгөөд авьяаслаг, үзэсгэлэнтэй хэдий ч огцом сэтгэлийн хөдөлгөөнтэй хартай, гэнэн бүсгүй Тоска, хийсвэр, мөрөөдөмтгий, мэдрэмтгий, шулуун шударга Каварадосси, санаа муутай, хашир, харгис хэрцгий Скарпья нарийн дүрийг тус тусад нь маш тодорхой хөгжмийн аялгуугаар гаргаж ирсэн нь сонсогч, үзэгчдийн сэтгэлийг зуун жилийн турш байлдан дагуулсаар байна.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж