Улс үндэстэн өөрийн давуу талаа түшиглэж, нөөц, боломжоо зохистой удирдаж, хөгжин цэцэглэх арга замыг зааж өгдөг хүчирхэг хэрэгсэл, арга барил нь өрсөлдөх чадвар. Ард түмэн нь баян чинээлэг, аж ахуйн нэгжүүд нь ашиг орлоготой байх тогтвортой хөгжилд хүрэхийн тулд бид өрсөлдөх чадвараа сайжруулах ёстой. Гэхдээ яаж гэсэн асуултын хариуг маргааш авч болох нь. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) нь Швейцарийн Удирдлагын хөгжлийн хүрээлэн (IMD)-тэй хамтран Монгол Улсын өрсөлдөх чадварын тусгай тайланг 3 дахь жилдээ боловсруулан гаргаад байна. Эх орныхоо хөгжлийг нийгэм, эдийн засгийн 330 гаруй үзүүлэлт ашиглан хэмжсэн мэдээллийн санг ашиглаад бид өрсөлдөх чадварынхаа өөрчлөлт хөдөлгөөнийг илүү тод харах нөхцөл бүрджээ. Монгол Улс одоо хөгжлийн ямар түвшинд байгааг мэдээд зогсохгүй өнгөрсөн жилтэй, тэрний өмнөх жилтэй харьцуулахад ямар болсныг харж, түүнээсээ суралцаж, улмаар өрсөлдөх чадварын чиг хандлагаа тодорхойлох боломж олдож байна.
“Монгол Улсын өрсөлдөх чадвар: Тогтвортой хөгжлийн эрэлд” сэдэвт хэлэлцүүлэгт төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцох юм. Энэхүү хэлэлцүүлгийг ЭЗБӨЧСТ-ийн Удирдах Зөвлөлийн тэргүүн П.Цагаан нээх бөгөөд уг төвийн судлаачид сүүлийн үеийн судалгаануудынхаа үр дүнг танилцуулна. Улмаар хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын өрсөлдөх чадварыг хэрхэн сайжруулах, тогтвортой хөгжилд яаж хүрэх талаар санал бодлоо хуваалцах ажээ.