Шинэ журам “журамлаж” чадах уу?

Хуучирсан мэдээ: 2013.05.30-нд нийтлэгдсэн

Шинэ журам “журамлаж” чадах уу?

Хэрэгжиж эхлээд даруй гурван сарын нүүр үзсэн ч олон тодорхойгүй асуулт дагуулсан Тамхины хяналтын тухай хуулийн журмыг өнгөрсөн бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Гурван сарын хугацаанд тамхи хаана татаж болох, хаана худалдах, хяналтыг хэн тавих зэрэг олон асуултын хариу дээрх журмын хүрээнд тодорхой болох учиртай.

Засгийн газраас баталсан журамд тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа үйлчилгээнд хэрхэн хяналт тавихыг  тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт тамхины үйлдвэрлэлийг зохицуулах, импорт болон худалдаа, үйлчилгээ явуулах, түүнд хяналт тавих байгууллагуудын хооронд үүсэх харилцаа, хяналт тавих чиг үүргийг нарийвчлан зохицуулахаар болжээ.

ХААНА ХУДАЛДАХ ВЭ?

Ихэнх хүнсний сүлжээ дэлгүүр болон худалдааны төвүүд тамхийг кассны дэргэд байршуулсан байдаг. Шинэ журамд зөвхөн тусгайлсан лангуунд байршуулан худалдаалахаар тусгажээ. Ингэхдээ зөвхөн тамхи худалдаалах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд борлуулах юм байна. Тамхи худалдаалах цэг нь Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрнаас 500 метрээс гадна байрлах шаардлагатай.  Харин тамхи худалдаалах зөвшөөрлийг ерөнхий боловсролын сургуулиас 500 метрийн зайг тодорхойлсон кадастрын зургийг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраар баталгаажуулан авах боломжтой гэнэ. Товчхондоо бол шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээд, ЕБС-ийн хичээлийн байрнаас 500 метрээс хол зайд байрлаж буй гэдгээ нотлох кадарстрын зургийн хамт аймаг, сум, дүүргийн Мэргэжлийн хяналтын байгууллага, Засаг даргын Тамгын газраас тамхи худалдаалах зөвшөөрөл авсан бол асуудалгүй. Гэхдээ насанд хүрсэн хүнд буюу иргэний үнэмлэх түүнийг бататгах бичиг баримтыг нягталж байж худалдаа хийх ёстой. 

Харин тамхийг ширхгээр борлуулахыг бүрмөсөн хориглосноос гадна гудамж талбайд, гар дээрээс, мөн дуудлагаар хүргэж үйлчлэхийг хоригложээ.

ХААНА ТАМХИ ТАТАЖ БОЛОХГҮЙ ВЭ?

Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх журамд олон нийтийн газар, ерөнхий боловсролын сургуулийн орчимд 500 метр хүртэлх газарт тамхи татахыг хориглоно. Хуулийн гол зорилго нь битүү орчин дахь тамхидалтыг хориглох явдал. Тиймээс бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар, зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө; нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар; аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин; агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг; цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнд тамхи татахыг хоригложээ.

Харин аж ахуйн нэгж, байгууллагууд орох хаалга, хүлээлгийн танхим, хонгил, бие засах газар болон бусад шаардлагатай газарт  тамхи татахыг хориглосон анхааруулах тэмдэг байрлуулах ёстой.

ТАМХИ ИМПОРТЛОГЧ, ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЭРХЭХ ВЭ?

Тамхи импортоор оруулж ирж худалдаалдаг байгууллагуудын хувьд тамхины чанар, аюулгүй байдал, сав баглаа, боодол стандартын  шаардлага хангасан эсэхийг тодорхойлох эрүүл мэндийн дүгнэлттэй байх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл,  Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн, эрүүл мэндийн дүгнэлттэй бүтээгдэхүүн импортолж, дэлхийн стандартыг ч мөн мөрдөж ажиллахыг энэхүү журамд сануулжээ. Мөн тамхи үйлдвэрлэгч болон 20-иос дээш хувийн хувьцаа эзэмшигчийн нэр хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагаа, тамхины үйлдвэрлэлтэй холбоотой бусад мэдээллийг өөрийн цахим хуудаст байршуулан нийтэд ил тод байлгах, эрх бүхий байгууллагаас баталсан тамхины хайрцаг, сав, баглаа боодолд тавигдах стандартыг баталсан өдрөөс нь хойш нэг жилийн дотор бүрэн хангасан байх шаардлагатай юм байна. Харин  үйлдвэрлэгч нь тамхины найрлагад агуулагдах бохь, никотин, бусад хорт бодисын хэмжээ болон дуусгавар болох хугацааг заагаагүй, янжуурыг нэг хайрцагт 20 ширхгээс цөөнөөр, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг 200 граммаас багаар савлах, тамхи нь эрүүл мэндийн хор нөлөөний тухай анхааруулгагүй буюу түүнд тавигдах шаардлагыг хангаагүй, тамхи үйлдвэрлэх эрүүл ахуйн нөхцөл, тамхин дахь хорт бодисын агууламжийн талаарх эрүүл мэндийн дүгнэлтийг улсын мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тамхины төрөл тус бүрээр олгогдоогүй, амхины хайрцаг, сав, баглаа боодол дээр тухайн тамхийг бусад тамхинаас илүү хор нөлөө багатай гэсэн утгатай үг бичих буюу түүнтэй адилтгах лого, өнгө, брэндийн дүрс, тэдгээрийн хослол хэрэглэх, хайрцаг, сав, баглаа боодол дээр онцгой албан татварын тэмдэг, үйлдвэрлэсэн улс, он, сар, үйлдвэр, импортлогчийн нэр, Монгол Улсад худалдахыг зөвшөөрсөн тухай тэмдэглэлгүй байхыг хориглох юм байна.

ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЭН ХЯНАЛТ ТАВИХ ВЭ?

Журмыг баталснаар Тамхины хяналтын тухай хууль үндсэн утгаараа хэрэгжиж боломжтой болж байна. Хуулийн хэрэгжилтэд сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана. Ерөнхийд нь Засгийн газар хариуцаж, түүний харьяа байгууллагууд өөр өөрсдийн салбарт хяналт тавьж ажиллахаар тусгажээ.

Түүнээс гадна тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хамгийн чухал үүрэгтэй нь иргэд өөрсдөө юм. Хуульд зааснаас өөр газар тамхи худалдаалж байгаа, ширхгээр болон гар дээрээс худалдаалж байгаа, хориглосон газар тамхи татаж байгаа иргэнийг холбогдох байгууллагад мэдээлэх нь чухал. Үүний тулд сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар мэргэжлийн хяналт, цагдаа, гааль, татварын байгуулага бүр тамхины худалдаа, үйлчилгээтэй холбоотой зөрчлийн талаарх иргэдийн мэдээлэл, гомдол саналыг хүлээн авч шийдвэрлэх нээлттэй утсыг  бий болгож, олон нийтэд зарлан тогтмол ажиллуулахаар журамд заажээ. Харин иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь тамхи худалдах үйл ажиллагааны зөрчилтэй холбоотой мэдээлэл, гомдол саналаа эрх бүхий ажилтан, улсын байцаагчид хүргүүлж шийдвэрлүүлэх боломжтой болж байгаа юм байна.

Ш.ОЮУНЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж