Эмэгтэйчүүдийн хувьд нэгдүгээр тойрог АНУ-ын Винус Уильямс тэмцээнийг орхисон бол хоёрдугаар тойрогт тэмцээний аравт эрэмбэтэй Данийн Каролина Возняцки ялагдал хүлээжээ. Тэрбээр хоёрдугаар тойрогт Сербийн Бояна Иовановскид хоёр үеийн турш /6:7 (2:7), 3:6/ ялагдсанаар тэмцээнийг орхилоо. Францын нээлттэй тэмцээнд зургаан удаа оролцохдоо 2009 оны тус тэмцээний шөвгийн наймд шалгарч байсан дэлхийн экс тэргүүн теннисчин Возняцки ийнхүү энэ оны хоёр дахь “Их дуулга”-ыг хоёрдугаар тойргоос орхиж байна. Возняцки оны анхны их дуулга болох “Австралийн нээлттэй тэмцээн”-ийн дөрөвдүгээр тойрог ОХУ-ын Светлана Кузнецовад ялагдаж байжээ.
“Poland Garros”-ын хоёрдугаар тойрогт Возняцкиг буулган авсан Серб теннисчний хувьд гуравдугаар тойрогт 2004 оны тус тэмцээний аварга ОХУ-ын Светлана Кузнецоватай оноолт таарчээ.
АНУ-ын Серена Уильямс /1/, Польшийн Агнешка Радваньска /4/, Себрийн Анна Иваннович /14/ нарын шилдгүүд гуравдугаар тойрогт шалгараад байна. Харин өнгөрсөн жилийн тус тэмцээний шигшээд шалгарсан, тэмцээний тавд эрэмбэтэй Италийн Сара Эррина болон Германы Сабини Лицики нар гуравдугаар тойрогт оноолт таарсан нь сонирхолтой тоглолтын нэг болоод буй.
Эрэгтэйчүүдийн хувьд тэмцээний нэгдүгээр тойрогт тавд эрэмбэтэй Чехийн Томаш Бердых буулган авсан Францын Гаэл Монфис Латвийн теннисчинг буулган авснаар гуравдугаар тойрогт Испанийн Томми Робредотэй /32/ оноолт таарчээ.
Бусад шилдгүүдийн хувьд өрсөлдөгчөө буулган авснаар хоёрдугаар тойрогт шалгараад байна.
Нийт шагналын сан 17 сая ам.долларт багтаж буй тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн хоёрдугаар тойрогт шалгарч буй теннисчид 28 мянган ам.долларыг хүртээд байна.