Дрогба дэлхийн аваргыг өнжих үү?

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Дрогба дэлхийн аваргыг өнжих үү?

Тун удахгүй эхлэх гэж буй FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дахин азгүйтэж, “Үхлийн хэсэг”-т хүндхэн сугалаа татсан ч дэлхийн аваргаар тэсрэх магадлалтай багуудын тоонд зүй ёсоор багтаж буй Кот Д’Ивуарын түлхүүр тоглогч Дидье Дрогба дэлхийн аваргыг өнжиж магадгүй аюултай байдалд оржээ. Баасан гаригийн үдэш дэлхийн аваргын бие халаалт болгож, Японы багтай хийсэн тоглолтод “Заанууд” 2:0-ээр ялалт байгуулсан ч Дрогба тохойндоо гэмтэл авснаар талбайг чөлөөлсөн байна. Түүний тохойны ойролцоох жижиг яс нь хугарсан бөгөөд яаралтай мэс засалд оржээ. Хэдийгээр түүний хагалгаа амжилттай болсон боловч шилдэг 32-ын тулаанд оролцох эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа юм.

Кот Д‘Ивуарын хөлбөмбөгийн холбооны мэдэгдсэнээр эмч, мэргэжилтнүүд хагалгааг амжилттай хийсэн, хурдан эдгэрнэ гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

Берн хотын Линденхофын эмнэлэгт болсон хагалгааны дараа шигшээ багийн дасгалжуулагч Свен Горан Эрикссон Өмнөд Африкийг зорих тоглогчдын дунд Дрогба байна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлжээ.

Эрикссоны шавь нар дэлхийн аваргын нээлтийн тоглолтоо энэ сарын 15-нд Португалийн эсрэг хийх бөгөөд 20-нд Бразил, 25-нд Хойд Солонгосын багтай тоглосноор хэсгийн тоглолтоо өндөрлүүлэх юм. “Үхлийн хэсэг”-ээс амь гарахын тулд Дрогбагийн зүтгэл, үүрэг “Заанууд”-д чухал хэрэгтэй.

Эх орныхоо төлөө 69 тоглолтод оролцож, 44 гоол оруулсан тэрбээр өнгөрсөн улиралд Премьер лигийн мэргэн буучаар тодорсон билээ. Дрогба баасан гаригт болсон тоглолтод Японы хаалганд 13 дахь минутад эхний гоолыг оруулсан боловч 16 дахь минутад хамгаалагч Маркус Тулио Танакатай мөргөлдөж, улмаар гэмтлийн улмаас талбайг чөлөөлсөн юм. Харин тоглолтын хоёр дахь гоолыг Коло Туре оруулснаар Кот Д‘Ивуарын шигшээ өрсөлдөгчөө хожсон байна. Тоглолтын дараа Эрикссон гол тоглогчийг нь гэмтэхэд хүргэсэн Танакаг буруутгаагүй гэдгээ илэрхийлж, “Үнэхээр азгүй явдал боллоо. Энэ бол ямар нэг муу, тэнэг үйлдэл биш. Тэр хэн нэгнийг гэмтэж, бэртээе гэж бодоогүй байх. Хөлбөмбөг бол харилцан ойлголцсоны дүнд өрнөдөг тоглоом” гэжээ. Дрогбагийн Өмнөд Африкийн ногоон дэвжээнд гарах эсэх нь ойрын хугацаанд тодорхой болох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж