Найк бие хэлбэржүүлэгч пүүз үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Найк бие хэлбэржүүлэгч пүүз үйлдвэрлэнэ

Өрсөлдөгчдийнх нь үйлдвэрлэн улам бүр ашиг олж байгаа бие хэлбэржүүлэгч пүүзний талаар Найк компанийн дэд ерөнхийлөгч Эрик Спранк ийнхүү ёжилсон: “Хэрвээ бид өмсмөгц өгзөг чинь илүү жижигхэн юм шиг, бас гүзээ чинь жижигхэн болсон юм шиг харагддаг, түүний хамт биений чинь булчин илүү том юм шиг харагддаг пүүз хийвэл ёстой агуу биз дээ тийм ээ? Гэвч хэн ч тэгж чадахгүй, би зүгээр тоглосон юм” гэж ярьсан. Бие хэлбэржүүлэгч пүүзнүүд  нь сайн зарагдаж байгаагийн ачаар “Adidas” компанийн “Reebok” бренд, “Sketchers USA” компанийн борлуулалт сайн байгаа бөгөөд харин “Nike” фирмийн эмэгтэй тамирчдын зах зээлд зориулсан пүүзний борлуулалт буураад байна гэж “Bloomberg” компани мэдээлсэн.

Орегон мужийн Бийвэртон хотод байрладаг тус компанийн зах зээл дээрх хэмжээ нь буурч байгаатай холбоотойгоор хувьцааний ханш нь 7.2 хувиар унасан. Харин “Reebok” компанийн хувьцааны ханш бараг хоёр дахин өсөж компанийн зах зээлийн үнэлгээ нь 90.3 сая ам.доллараар нэмэгдээд байна. Мөн “Skechers” компанийн хувьцааны ханш 17 хувь өсөөд байна. “Энэ зах зээл хэрхэн хөгжиж байгааг “Nike” компани ажиглаж байсан ч юу ч хийгээгүй. Одоо энэхүү алдагдсан боломжийн үнийг төлж байна” гэж “SportsOneSource” компанийн судлаач Матт Пауэлл ярьж байна. Бие хэлбэржүүлэгч пүүзнүүд нь элсэн дээр явж байгаа юм шиг мэдрэмж төрүүлж, өмссөн хүний хөлийг нь илүү тогтворжуулдаг бөгөөд хөл, өгзөг, нуруу, гэдэсний булчинг чангаруулах нөлөө үзүүлдэг гэж “Skechers” компани “Shape up” хэмээх бие хэлбэржүүлэгч пүүзнийхээ танилцуулгандаа бичсэн байдаг.

“Easy Tones” пүүз нь ердийн пүүзийг бодвол 28 хувиар гэдэсний илүү булчинг идэвхжүүлдэг  ба шилбэний булчинг 11 хувь илүү чангалдаг гэж “Reebok” компани танилцуулдаг. Тамирчдын булчингийн гэмтлээр дагнаж ажилладаг, Калифорнийн Лонг Бичэд амьдардаг эмч Жон Паглиано бие хэлбэржүүлэгч гутлын тухай асуусан хүнтэй өдөрт хэд хэд таардаг гэнэ. Тэрээр хэлбэржүүлэгч пүүзний дотор тал нь тэгш бус байдаг нь хөлийн булчинг илүү ажиллахад хүргэдэг хэдий ч энэ нь нурууны булчинг чангална гэдэгт төдийлөн итгэхгүй байна гэж ярьдаг.

Эмэгтэйчүүдэд зориулсан бие хэлбэржүүлэгч пүүзнүүд 100 ам.доллараас дээш үнэтэй байгаа нь энэ зах зээлийг тун ашигтай болгож байгаа. Жилийн өмнө хамгийн сайн борлогдож байсан 10 пүүзний дотор бие хэлбэржүүлэгч пүүз юм уу эмэгтэйчүүдийн пүүз багтдаггүй байсан юм. Энэ оны тавдугаар сарын 16-нд “SportsOneSource” компаниас гаргасан судалгаанаас үзвэл хамгийн сайн борлуулалттай байгаа 10 пүүзний зургаа нь бие хэлбэржүүлэгч пүүз байгаа бөгөөд тэдний дөрөв нь “Shape-up”, хоёр нь “Easy Tone” загварынх байна. Нөгөө дөрвөн пүүзний нэг нь “Air Jordan” загварын пүүз байгаа бөгөөд нэг нь 150 ам.доллараар зарагддаг.

2008 онд бие хэлбэржүүлэгч пүүзний борлуулалт АНУ-д 17 сая ам.доллараар хэмжигдэж байсан бол өнгөрсөн жил 145 сая ам.доллар болсон байна. Харин энэ он гарснаас хойш эхний дөрвөн сарын дотор 252 сая ам.долларын бие хэлбэржүүлэгч пүүз зарагдсан нь өнгөрсөн оны нийт дүнгээс 75 хувиар илүү байна. “Ийм богинохон хугацаанд зах зээлд ингэж тэсрэлт гарч байхыг би сүүлийн 25 жилд хараагүй. Америкийн хэрэглэгчид хялбар байдлаар жингээ хасах арга зам хайж байдаг, энэ пүүз  тэр сонирхолд нь нийцсэн байна” гэж Германы “Adidas”   компанийн захирал ярьж байна. “Эмэгтэйчүүд спортын пүүзэнд мөнгө зарцуулж байгаа нь сайхан мэдээ юм. Бид энэ зах зээлд гарах боломжтой гэж үзэж байна” гэж “Nike” компанийн ерөнхийлөгч Чарлий Денсон ярьж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж