
Нэгэн цагт Өмнөд Африкийн Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Нобелийн шагналт, шударга ёсны төлөө тэмцэгч Нелсон Манделагийн биеийн байдал эрс муудаж, ярьж чадахаа больжээ. Нелсон Манделагийн том охин Маказивегийн мэдээлснээр Манделагийн биеийн байдал тун муу байгаа ба ярьж чадахаа больсноос хүмүүстэй гараараа зангаж, харилцдаг болсон байна. Маказиве “Аавын маань биеийн байдал өдөр хоногоор хэмжигдэх болсон. Түүний бие зарим өдөр гайгүй байдаг ч заримдаа эрс мууддаг” гэж ярьсан байна. Өдгөө 94 настай Нелсон Мандела “Хүүхэд минь ээ, би энд байна. Би чамд хайртай” гэх мэт хэдхэн өгүүлбэрийг л гараараа занган үзүүлдэг болжээ. Гэхдээ Нелсон Мандела юм бичих чадвартай байгаа ба өөрийнх нь араар гэрийнхэн нь өв хөрөнгийг нь булаалдан, бие биенээ алагчилж байгаад маш их харамсч байгаа тухайгаа бичсэн байна. “Associated Press” агентлагт мэдээлснээр Нелсон Манделагийн бие муудсанаар түүний гэрээслэлийн тухай асуудал яригдаж эхлээд байгаа ба хүүхдүүд нь түүний өмч хөрөнгийн төлөө маргаан, тэмцэл өрнүүлж байгаа гэнэ.
Манделагийн том охин Маказиве нь Йоханнесбург хотын захад загварлаг дотоод засал бүхий тохилог сууцтай бөгөөд аавыгаа тэтгэвэрт гарснаас хойш Манделагийн хоёр дахь гэрлэлтийнх нь охин Зенани Дламинитай хамтран түүний нэлээд хэдэн бизнест нь эзэн суусан аж. Харин Манделагийн бусад хүүхдүүд нь аавынхаа өв хөрөнгийн төлөө Маказиватай шүүхдэлцэж эхэлсэн тухай хэвлэлүүд шуугих болжээ. Манделагийн охин Туквинигийн хувьд "House of Mandela" гэх дарсны бизнес эрхэлдэг байна.