&#34MCS Electronics&#34-ийг менежментийн баг нь авсан

Хуучирсан мэдээ: 2013.05.30-нд нийтлэгдсэн

&#34MCS Electronics&#34-ийг менежментийн баг нь авсан

М-Си-Эс Группын Дэд ерөнхийлөгч Л. Гантөмөртэй ярилцлаа.

– ICT EXPO-2013 үзэсгэлэнгийн үеэр танай группын М-Си-Эс Элекроникс компани бие даан үйл ажиллагаа явуулах болсноо мэдэгдсэн. Энэ талаар Та тодруулга өгнө үү?

– М-Си-Эс Групп нь хөгжлийн бодлого, стратегийнхаа хүрээнд томоохон хөрөнгө оруулалт, хүчин чармайлт шаардсан тодорхой чиглэлийн бизнесүүд дээр төвлөрч, олон улсын түвшинд хүрч ажиллах зорилт тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл тус группын бизнес хөгжлийн стратегийн голлох салбаруудаас бусад чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй охин компаниудыг олон жил амжилттай удирдан ажилласан удирдлагуудад нь хөнгөлөлттэй нөхцлөөр худалдах процесс сүүлийн 5 жилийн хугацаанд явагдаж байгаа юм.

– Хөгжлийн стратегийн голлох чиглэлээ Та бүхэн хэрхэн тодорхойлсон бэ?

– Хөгжлийн стратегийн голлох чиглэлээ зөв тодорхойлох нь компанийн цаашдын хөгжил, тогтвортой үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой байдаг. М-Си-Эс Групп нь инженеринг дэд бүтэц, харилцаа холбоо, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа гэсэн салбаруудад голлон төвлөрч ажиллаж байна.

– Сүүлийн 5 жилд танай группээс ямар компаниуд бие дааж гарсныг хэлж болох уу?

– Өнгөрсөн 5 жилийн хугацаанд манай группын бүрэлдэхүүнээс Интерпресс, Медимпекс, Анун, Грандхаан Айриш Паб компаниуд бие даан гарсан. Хамгийн сүүлд 5-р сарын 1-нээс М-Си-Эс Электроникс компанийг олон жил удирдсан менежментийн баг нь хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авсан. М-Си-Эс Электроникс нь 16 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, салбартаа тэргүүлэгч, гадаад, дотоодын олон харилцагчтай компани гэдгийг олон нийт мэднэ. Цаашдаа энэ компани IT Zone ХХК нэртэйгээр бие даан үйл ажиллагаа явуулах болж байна.

– Энэ үйл ажиллагааны ач холбогдлыг юу гэж дүгнэж байна вэ?

– Монгол Улсад “Management Buy-Out”хэмээхкомпанийн хөгжлийн шинэ хандлагыг анхлан нэвтрүүлсэн нь улмаар бизнесийн орчинд шударга өрсөлдөөнийг дэмжих ач холбогдолтой гэж бид үзэж байгаа.

– Танд баярлалаа.

Б. НЯМБАЯР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж