А.Сүхбат: АН-д элсэхэд үргэлж бэлэн байсан

Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

А.Сүхбат: АН-д элсэхэд үргэлж бэлэн байсан

Даян аварга Агваансамдангийн Сүхбат өнөөдөр АН-д элсч, батлахаа гардаж авлаа. Тэрээр 1990 оноос эхэлж ардчиллыг дэмжиж үйл ажиллагаанд нь оролцож явсан юм байна. Тиймээс “Өнгөрсөн 20 гаруй жилийн турш тууштай дэмжиж явсан улстөрийн намдаа албан ёсоор элсч, сонголтоо баталгаажуулж байна гэж ойлговол илүү нийцнэ” хэмээн даян аварга намд элссэн шалтгаанаа тодруулсан юм. Түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Хэдхэн хоногийн өмнө сумогийн их аварга Д.Дагвадорж АН-д элссэн. Өнөөдөр та энэ намын отгон гишүүн боллоо. Ямар зорилго тээж та энэ намын гишүүнээр элсэж байна вэ. Ерөнхийлөгчийн сонгуульд та бас тодорхой үүрэг хүлээж ажиллах уу?

-АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа Ц.Элбэгдорж бол олон жил төрийн ажлыг авч яваа, шилдэг улстөрч. Монголчууд ярьдаг даа, элдүүр нь ханасан сур гэж. Ийм сурыг хүнд хүчир ажил хийх, эмнэг хангал сургахад ашигладаг. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч бол ажилд нухлагдаж үзсэн, ачаа дааж чадах хүн. Тийм учраас энэ хүний ажлын үр шимийг үзэх хэрэгтэй гэж би хувьдаа үздэг, үнэлдэг учраас Ерөнхийлөгчөө дэмжиж ажиллахаар шийдсэн. Монголчууд маань ч бас ухаалаг сонголт хийж, ардчилсан Ерөнхийлөгчийг сонгоно хэмээн бодож байна. Харин Ардчилсан намд элсэж байгаа маань энэ сонголтыг 1990 онд буюу би хүүхэд байх үеэсээ хийсэн гэж хэлж болно. Бүр тодорхой хэлбэл, 18, 19 настай байх үедээ би ардчилсан хувьсгалд оролцож, ардчиллыг дэмждэг байсан хүний хувьд АН-д элсэхэд үргэлж бэлэн байсан. Өнөөдөр л намын гишүүнчлэлээ баталгаажуулж, батлахаа гардсан болохоос биш би ардчилсан үзэл баримтлалтай явж ирсэн гэдгийг хэлэхийг хүсч байна.

-Гэхдээ таны хувьд АН-д элссэнээр улстөрийн амьдралд оролцох нь тодорхой боллоо. Тэгэхээр танд санаа тавьж, асуудлыг шийдүүлэхэд дуу хоолойгоо өргөх ямар асуудлууд байна вэ?

-Олон зүйл бодогдож байна. Нэн тэргүүнд Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна, энэ бол ганц бөхийн асуудал биш. Хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалахаас эхлээд эрүүл мэндийн асуудлыг баталгаажуулах ёстой. Дээр нь орон нутгийг хөгжүүлэх асуудал чухал байна. Жишээ татвал, Төв аймгийн Сэргэлэн сум Улаанбаатар хотоос 60 км зайд оршдог хэрнээ хөгжлийн хувьд маш сул байна. Огт хөгждөггүй. Энэ мэтээр хөдөөгийн хөгжлөө дэмжих хэрэгтэй гэж боддог. Би дасгалжуулагч, багш хүн. Нөгөө талаар аж ахуй эрхэлж, ард түмнийхээ дунд амьдарч яваа жирийн иргэн. Гэлээ гэхдээ өөрийн чадах зүйлээрээ улс орондоо хүчээ өгье, санаж бодож зорьж яваагаа гүйцэлдүүлье гэж шийдэж, зориглож байгаа маань энэ. Тийм учраас өнөөдөр үзэл бодол нэгтэй хүмүүстэйгээ нэгдлээ. Монгол Улсынхаа бүтээн байгуулалтын төлөө, ардчиллыг бэхжүүлэхийн төлөө тууштай зогсохоор сонголтоо баталгаажуулсандаа баяртай байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж