Мазаалайн талаар судалгаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

Мазаалайн талаар судалгаа хийжээ

ШУА-ийн Биологийн хүрээлэн, ГИДЦГ-ын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа, Олон улсын баавгайн нийгэмлэгийн судлаач, мэргэжилтнүүд оролцсон “Говийн баавгай” судалгааны баг мазаалай баавгайд сансрын дохиололт хүзүүвч зүүх, үсний дээж цуглуулах, автомат камер байрлуулж зураг авах, экологийн талаар бусад ажиглалт хийх зорилгоор ГИДЦГ-ын “А” хэсэгт мазаалай байрших нутгуудад энэ оны дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 08 хүртэл нийт 18 хоног ажиллалаа.

Энэхүү судалгааны явцад  Цагаан богд уулын  Мухар задгайн булагаас найм орчим настай, нэг эр баавгайг барьж сансрын болон радио  дохиололтой хүзүүвч зүүх ажлыг амжилттай гүйцэтгэлээ. Энэ баавгай нь сансрын дохиололт хүзүүвч зүүх борилгоор урьд нь барьж байсан баавгайнаас биеийн хэмжээ, болон жингээр том байв. Тухайлбал: Баавгайн морфлогийн хэмжилтээр биеийн урт 183 см, биеийн 97,5 см, биеийн жин 160 кг жинтэй, тарга хүч сайтай баавгай байжээ. Энэ нь урьд нь тохиолдож байсан хамгийн том эр баавгайнаас 22 кг-аар илүү жинтэй  байсан нь сонирхол татаж байна.

Мөн энэ удаагийн судалгаагаар генетик лабораторид шинжлүүлэхээр Цагаан богд, Шар хулс, Атас Ингэс уулын 13 цэгээс нийтдээ 162 хэсэг үсний дээж цуглуулсан байна.

Энэ хавар 3-4 сард дархан газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагчид дөрвөн бодгаль баавгай биеэр үзэж, 9 цэгт мазаалайн шинэ мөр тэмдэглэсэн байна.

Мөн өнгөрөгч гуравдугаар сарын 10-наас эхлэн мазаалайн зураг авахад зориулж хавар гурван төрлийн 17ш хөдөлгөөн мэдрэгч автомат камеруудыг тэжээлийн цэг, уст цэгүүдийн орчим байрлуулан зураг авч байгаа одоогийн байдлаар зургаан бодгаль баавгайн зураг авагдаад байна.

Энэ жилийн онцлог нь мазаалайнууд тарга хүч сайн байгаа нь өнгөрсөн зун, намарт Цагаан богд ууланд зарим газраар бажууна сайн ургасан, дархан газрын захиргаа мөн намар 9-10 сар, энэ оны 03 сард хангалттай хэмжээний нэмэлт хоол  тэжээл сайн тавьсан зэрэг нь тарга хүч авах, хадгалахад нөлөөлсөн гэж судлаач, мэргэжилтнүүд үзэж байна.

 
Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар

Эх сурвалж: http://mne.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж