Бизнес инкубаторынхан “өндөглөв”

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Бизнес инкубаторынхан “өндөглөв”

Бизнес инкубатороос төрсөн өндөглөгчид олширч байна. Засаг даргын ивээл дор бизнес инкубатор хөгжилд олон улсын анхдугаар чуулга уулзалт энэ сарын 4-нд Соёлын төв өргөөнд боллоо.  Анхдугаар уулзалтын зорилго шинэ санаа, инноваци дээр түшиглэсэн бизнес эрхлэгч нарыг хөхиүлэн дэмжиж, тэдэнд хүргэх Бизнес инкубаторын үйлчилгээ, үйл ажиллагааг чадваржуулахад оршиж байгаа аж. Өөрөөр хэлбэл, инкубаторын гишүүд жижиг зээлээс эхэлж, том хэмжээний үйлдвэрлэгчид болтлоо өсөн дэвжсэн болохоор чуулга уулзалтын ач холбогдол өндөр байлаа. Өнөөдөр тэд “Алтан өндөг”-ийн эздээ мөн тодруулав. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд, их, дээд сургуулиуд, олон улсын илтгэгч төлөөлөгчид, Монголын бизнес инкубаторуудын холбооны гишүүд, орон нутгийн төлөөлөгчид, бойжигч нар оролцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Г.Мөнхбаяр хэлсэн үгэндээ, 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлалаа. Нийслэлээс иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих асуудлыг анхаарч ирсний илрэл нь энэхүү олон улсын анхдугаар чуулга уулзалтыг ивээн тэтгэж хамтран зохион байгуулж байгаа явдал юм. Аливаа улс орны хөгжлийн төвшинг тодорхойлох томоохон хэсэг жижиг дунд бизнес эрхлэгчид байдаг. Нийслэлээс Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин “ Жижиг дунд үйлдэрлэлийг дэмжих дээд хөтөлбөр”, “Нийслэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд хөтөлбөр” төслүүдийг батлан хэрэгжүүлж байна. Мөн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. 2009 онд Бизнес эрхлэгчдийн боловсруулсан төслийг үндэслэн 100 хүртэлх сая төгрөгийн зээл олгогдоод байна. Цаашид бидний зорилтод зээлийн баталгааны санг бий болгож иргэн бүрийн бизнес санаачлагыг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудалд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллах болно хэмээн онцоллоо. Чуулга уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хас банк, Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо нар гурвалсан санамж бичигт гарын үсэг зурж, Мөн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Хаан банк, Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Харин “Алтан өндөг”-ийн эзнээр тодрох өрсөлдөөнд 62 аж ахуйн нэгж, байгууллага оролцсоноос 10 байгууллага нэр дэвшиж, Орон нутгаас Дорнодын бизнес хөгжлийг дэмжих төвийн ”Нутгийн сайхан”, Улаанбаатар хотоос “Ноён нуруу оргил”, “Монгол богц” компани өргөмжлөл сая төгрөгөөр шагнуулж “Алтан өндөг” гардлаа.  Нэр дэвшсэн долоон байгууллагад барьцаа хөрөнгөгүй зээл олгох батламж бичиг гардуулсан юм. “Нутгийн сайхан” компани 2006 онд гарааны хөрөнгөгүй зайрмаг үйлдвэрлэх үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө эргэлтийн хөрөнгө нь 18 сая төгрөгт хүргэсэн амжилттай “Алтан өндөг” авчээ. Тэд шинэлэг менежмент хэрэглэж чадсанаар арваад дэлгүүртэй гэрээ байгуулж бүтээгдэхүүнээ борлуулж эхэлжээ.  Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж, тэр дундаа барилгын салбар хүчээ авч буй. “Ноён нуруу оргил” компанийнхан гал тогооны үйлдвэрлэлээр гараа эхэлж, наймуулаа ажилладаг байснаа одоо 12 хүн ажлын байртай болгож, өөрийн гэсэн захиалагчтай болж амжжээ. Хоёрхон жилийн дотор үйлдвэрлэлээ өсгөж чадсан тэдэнд Бизнес инкубаторынхан “Алтан өндөг” өгчээ. Монголын түүх соёл, өв уламжлалыг илтгэсэн арьсан урлалын төрлөөр хүч үзэж буй “Монгол богц” компани өөрсдийн урласан зүйлээ үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн нь оролцогчдын анхаарлыг татаж байсан. Бэлэг дурсгалын баримал, эртний олдворын судалгааны дагуу бодит дүрслэлээр хийхээс гадна төрөл бүрийн хэмжээтэй арьсан дашмаг үйлдвэрлэж, монгол зураг зурдаг байна. Ази Номхон далайн Инкубатор болон жижиг бизнесийн хөгжлийн салбарт зөвлөхөөр ажилладаг Аманда Кенион дүгнэж хэлэхдээ,улс орнууд өөрийн нөхцөл байдал, өрсөлдөх чадвар, эдийн засгийн шилжилтийн онцлогт тулгуурласан инкубаторын стратегийн зорилтыг тодорхойлох шаардлага гарч байна.Стратегийн энэхүү зорилтод инкубатор, түүний харилцагч, бодлого боловсруулагчид гээд үүнд хамааралтай бүхий л талуудын сонирхол нэгдсэн байхаас гадна зорилтоо үнэлэх шалгуур үзүүлэлтийг тооцсон байх хэрэгтэй юм. Стратегийн энэхүү зорилтыг 10, түүнээс дээш хугацааны зорилт болгох хэрэгтэй. Стратегийн энэхүү бодлогод жижиг бизнесийг дэмжих бусад асуудлыг ч хамруулах шаардлагатай байна гэлээ.
Б.Анхаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж