Э.Зоригт: Монгол дэлхийн ногоон хөгжлийн загвар улс болно

Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

Э.Зоригт: Монгол дэлхийн ногоон хөгжлийн загвар улс болно

Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригттой ярилцлаа.

-Дэлхийн байгаль хамгаалах өдрүүдийн хүрээнд Улаанбаатар хотод олон улсын бага хурал зохион байгуулахаар болсон гэл үү. Байгаль хамгаалах өдрийг хэрхэн тэмдэглэх гэж байгаа вэ?

-Жил бүрийн зургадугуур сарын 5-ны өдөр НҮБ-аас дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэдэг. Өнгөрсөн жил энэхүү бага хурал Рио диэ жанеро хотод болсон. Харин өнөө жил манай улсад зохион байгуулах хүсэлттэй байгаагаа НҮБ-аас  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уламжилсны дагуу уг арга хэмжээг зохион явуулахаар бэлтгэл ажлыг хийж байна. Ийн манайхан “Бод, ид, хэмнэ” гэсэн уриаг гаргаж хэрэгжүүлэх зорилтыг тавиад байгаа. Тодруулбал, дэлхий дээр бараг долоон тэрбум хүн амьдарч байна. Үүнээс нэг тэрбум нь хүнсний хомсдолтой, нэлээд хэдэн зуун сая хүн өлсгөлөн, усны хомдсдолтой байна. Гэтэл өндөр хөгжсөн орнуудад хүнсний илүүдэлтэй байхаас гадна нэг удаагийн хоол хүнсний 30 орчим хувь нь хаягдаж байна. Тэгэхээр энэ байдлыг тэнвэржүүлэх асуудлыг шийдье гэдэг зорилтод тулгуурлан дээрх уриаг гаргаад байгаа юм. Энэ уриагаа зарлаж, ажил хэрэг болгохын тулд, байгаль орчны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж ирэх сарын 1-5-ны өдрүүдэд шат дараалсан олон арга хэмжээг зохион явуулна. Хамгийн чухал хэсэг нь төрийн ордонд болох олон улсын эрдэм шинжилгээний хурал бөгөөд энд илтгэгчид дэлхийн өнөө, ба ирээдүйн талаар хэлэлцэх юм. Бас асуудал дэвшүүлж хэлэлцэнэ.

-Манай оронд байгаль орчны талаар зөвлөх, мэдээлэл солилцох туршлага бий юу. Ер нь Монголын ногоон хөгжлийг дэлхий нийт яаж харж байгаа юм бол?

-Дэлхий нийт ногоон хөгжлийн тухай яриад л байдаг. Харин монголчууд зарим алхмыг хийсэн гэж тэдэнд үнэлэгдэж байгаа. Дэлхийн орнуудын зүгээс бид “Та нарыг ажиглаж байна” гэж хэлээд ямарч байсан танай улс ногоон хөгжлийг төрийн бодлогоо болгон салбар яамыг нь байгуулчихлаа. Энэ бол дэвшил, цаашлаад танай улсын ногоон хөгжил дэлхийн загвар нь болж магадгүй юм шүү гэдгийг хэлсэн. Монголчууд дэлхийн орнуудаас бус монголчуудаас дэлхий суралцмаар байна гэдэг хүсэлтийг ч ирүүлсэн байгаа.

2013-05zorigt1

-Яам байгуулснаас өөр ногоон хөгжлийн төлөө ямар ажлуудыг зөв хийсэн гэж гадныхан дүгнээд байгаа юм бол?

-Ямар нэгэн моод хөөлгүй зөнгөөрөө явж байгаад дэлхийн ногоон хөгжлийн загварыг зохиолцохоор болчихож байгаа юм. Шууд хэлбэл Монголчууд ногоон хөгжил, байгаль, экологийг шүтэж мал аж ахуй адгуулан, нүүдлийн соёл иргэншлийг тээсээр ирсэн. Ийн амьдрахад байгаль экологид халтай ямар нэгэн хаягдал гардаггүй бөгөөд уул, усаа шүтэж амьдарч байгаа учраас улам сэргээн баяжуулах өндөр боломжтой. Ингэж урсгалаараа явсаар бид дэлхийн ногоон хөгжлийн жишиг орон болох боломжтой болж байна. Дэлхий удахгүй долоон тэрбум хүнтэй болно, цөөн хэдэн жилийн дараа арван тэрбумд хүрэх тооцоо байгаа. Энэ бүх хүмүүс хоол хүнс, хувцас, гэр, цахилгаан, ус гээд бүхнийг хэрэглэнэ. Энэ үед дэлхий хүмүүсээ даахаа болино гэж үзэж байгаа. Шууд хэлбэл тэдний хоол хүнс, ундны усыг дэлхий дээр ургаж байгаа хүнс, тарьж байгаа ногоо, адгуулж байгаа мал амьтнаас авахад хүрэлцэхгүй болно гэсэн үг. Тэгэхээр ногоон хөгжлийн төлөө тууштай явж, энэ асуудалд анхаарахгүй бол байдал хэцүүдэх нь ойлгомжтой.

-Улаанбаатар нь дэлхийн номер нэг бохирдолтой, тал хээр нь уул уурхай нь лицензэнд дарагдаж гүйцлээ гэсэн мэдээллүүд өдөр бүр гарч байна. Гэтэл дэлхийн ногоон хөгжлийн жишиг орон болох гэж байгаа нь гайхашрал төрүүлж байна?

-Байгаль орчны төлөө хийж хэрэгжүүлэх ажил их бий. Өвлийн цагт л гэхэд Улаанбаатарын утааг ярьж эхэлдэг. Яг өнөөдөр, зуны улиралд ч гэсэн нарийн ширхэгтэй тоосонцор байх ёстой хэмжээнээсээ 10 дахин их байна. Тиймээс амьсгалын замын өвчлөл их байгаа. Энэ бүхэнд хүмүүс бухимдаж, барилга бариулахгүй, хайрга ухуулахгүй, замаа тавь, уул уурхайгаа ашиглахаа боль гэж шаардаж эхэлсэн. Иргэдийг ингэж яриад эхлэхээр төр асуудлыг шийдэж эхэлсэн байна. Жишээлбэл хэрэгжилт нь хангалтгүй байгаа ч урт нэртэй хуулийг гаргасан. Энэ хуулийг бүх талдаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн Монголд долоон мянга гаруй лиценз олгогдсон байснаас талыг нь цуцлах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргаж хэрэгжүүлсэн байгаа. Ийм хэлбэрээр ажиллаж байна. Шууд хэлбэл дэлхий нийт ногоон хөгжлийн тухай ярьж эхэлж байхад бид төрийн бодлогоо тодорхой болгоод яамаа байгуулаад зам харгуйг янзална, ногоон хөгжлийг дэмжинэ гээд зарлаад эхлэхээр гадныхан сайнаар дүгнэж эхэлж байна. Энэ бол шоу биш, хэн нэгэнд таалагдахаар хийж байгаа ажил биш. Зөвхөн өөрсдөө байгалийнхаа эрхшээлээр амьдарч, байгальдаа ээлтэй байснаар дэлхий нийт биднээс суралцах хэмжээнд хүрч байна.

-Байгаль орчны талаарх монголчуудын бодлого, зорилт тодорхой. Цаашид ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж, ажиллах юм?

-Бидний бодлого тодорхой байгаа. Харин ажиллах чиг шугамыг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна. Ирэх намар гэхэд энэ хууль батлагдах байх. Мөн орон нутагт, хүмүүст өөрт нь ашигтай төслийг хэрэгжүүлдэг байхаар болж иргэдэд эрхийг нь өгч байгаа юм. Ингэж иргэдэд эрхийг нь өгснөөр улс орны хөгжилд тустай уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж бага хэмжээний төслүүд ашиглагдахгүй, байгаль эх, газар шороо бүрэн бүтнээрээ байна гэсэн үг. Энэ бүхний эцэст хөдөө аж, ахуй, хүнсний салбараа хөгжүүлэх асуудлыг хөндөнө. Нэг л жишээг дурдахад өнгөрсөн жил Америкт хэт халуун болж улаан буудайн ургацаа алдсан. Тэгэхэд дэлхий нийт мах болоод гурилын хомсдолд орж байх жишээтэй. Учир нь АНУ мах, гурилын хамгийн том экспортлогч орон юм. Улаан буудайн ургац аваагүй учраас гурил үйлдвэрлэхгүй, ургац ургаагүй учраас мал тарга тэвээрэг авахгүй ийм байдалд хүрсэн байгаа юм. Фермерүүд өвс, тэжээлийн үнэ өсөхөөр бүгд малаа заазалж зараад дараа дараа дараагийн сарынх нь эргэлт байхгүй болсон гэсэн үг. Ийм хамаарал дэлхий нийтэд үйлчилж байна. Харин энэ хамаарлын гадна монгол байгаа бөгөөд дэлхий нийтийг өөрөөсөө хамааралтай байлгах боломж монголд бий.

-“Бод, ид, хэмнэ” гэсэн уриаг дэлхий нийтэд цацлаа. Энэ уриагаа монголчууд яаж хэрэгжүүлэх юм?

-Монголчуудын уламжлалыг л дэлхий нийтэд таниулж, энэ жишгийг сурталчилна гэсэн үг. Манайхан өвлийн цагт л мах идэж дулааны улиралд сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэж ирсэн. Энэ нь нэг талын хэмнэлт, зохистой хэрэглээ юм. Саяхны жишээ л гэхэд хятадын Засгийн газар өндөр үнэтэй хоол хүнс хэрэглэхийг хориглолоо. Европын орнууд аль хэдийнэ хүнсний хаягдал гаргахаа байсан.  Байдал ийм л байгаа.

-Хоол хүнс хангалуун оронд хэмнэсний нөлөөлөл өлсгөлөн буй хүмүүст яаж хүрнэ гэж тооцоолж байгаа юм бэ?

-Дэлхий дээр байгаа хоол хүнс хэмжээтэй. Харин хэрэглэх хүмүүсийнх нь тоо хэт их болж байна. Тэгэхээр хаа хаанаа хэмнэх шаардлага гарч байгаа юм. Харин хэмнээд илүү гарсан хүнсийг хаана, хэнд хүргэх вэ гэдгийг зохицуулах НҮБ-ын хөтөлбөрүүд бий. Гэхдээ илүү гарсан хүнсээ олон улсад хандивлах нь тухай орных нь өөрийн хэрэг. Ер нь олон улсын байгууллагад хандивласан, хандивлаагүй хэмнэж амьдрах шаардлага байгаа нь дэлхий нийтийн асуудал болсон.

-Ургац тариалахад, мал өсгөхөд, хоол хүнсний асуудлыг шийдэж ногоон хөгжлийг дэмжихэд хамгийн түрүүнд усны асуудал босно. Ер нь дэлхийн цэвэр усны хүрэлцээ ямар байгаа бол?

-Саяхан Тайландад Ази-Номхон далайн орнуудын төлөөлөгчид усны асуудлаар хуралдлаа. Усны асуудал үнэхээр хурцаджээ. Цэвэр усны нөөц өдөр ирэх тусам багасаж, далайн усны түвшин жил ирэх бүр нэмэгдэж байна. Үүний хор хохирол нь тодорхой. Уг нь дээрх усны хурал өнгөрсөн жил Бангкогт болох байсан. Гэтэл тэнд үер болж 800 гаруй хүн нас барснаар хойшлогдсон юм. Үерт амиа алдсан хүмүүсийн ихэнх нь тогонд цохиулж нас барсан байгаа юм. Учир нь үерийн ус барилгын нэг давхарт орж цахилгааны залгуурт хүрснээс хүмүүсийн аминд хүргэсэн. Тэгэхээр одоо барилгын стандартад өөрчлөлт оруулж цахилгааны залгуурыг ханын дээд хэсгээр байрлуулах асуудал яригдах болж байна. Энэ бол зөвхөн устай холбоотой асуудлын эхлэл нь. Цаашлаад ундны усны тухайд л гэхэд нөөц нь өдөр өдрөөр багасч байна. Усгүй бол дээр ярьсан хоол, хүнсний асуудал улам хурцдаж, цөлжилт үүсэх нь тодорхой. Харин далайн усны түвшин мөн л өдөр өдрөөр нэмэгдэж нам дор газар усанд автах аюул нүүрлэж эхэллээ. Хэрвээ нам дор газрууд усанд автвал цагаан будааны тариалалт гэдэг зүйл байхгүй болно. Тэгэхээр ямар асуудал үүсэх нь дэлхий нийтийн санааг зовоож байгаа.

-Энэ мэт асуудлыг яагаад дэлхий нийт ярихгүй байгаа юм бол?

-Улс орон бүхэн л энэ тухай ярьж байна. Олон улсын байгууллагууд ч бүх улсын төлөөллийг хамруулсан хурал цуглаан хийж байгаа. Асуудлыг яаж шийдвэрлэх вэ, үүний эсрэг хэрхэн нэгдэх вэ гэж байнга ярьж байна. Үүний нэг нь ирэх зургадугаар сарын эхээр Монгол Улсад болох хурал юм. Ер нь энэ тухай ярихгүй байгаа нь нийгмийг айдаст автуулахгүй байх. Гэхдээ энэ тухай эртхэн дэлхийн бүх хүмүүс мэдэж арга хэмжээ авбал боломж байна.

Эх сурвалж: www.ulstur.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж