
Монгол орны алслагдсан нутгийн ард иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэхийн тулд Норвегийн тусламжийн байгууллага /NLM/ нь ЭМЯ болон Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгуудын ЗДТГ, ЭМГ-тай хийсэн “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т тулгуурлан 2008 оноос эхлэн анхны төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж, амжилттай үр дүнд хүрсэн юм. Иймд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх хоёр дахь төслөө мөн аймгуудад 2013-2017 онд хэрэгжүүлэхээр болсон. Төслийн үндсэн зорилго нь дээрх гурван аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдийн зүгээс олон нийт, анхан шатанд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, ур чадварыг сайжруулах зорилгоор мэдээлэл харилцаа холбооны төрөл бүрийн сувгийг ашиглаж оновчтой тохирсон мэдээлэл хүргэх замаар үндэсний чадавхийг сайжруулахад оршиж байна. Тиймээс Норвегийн тусламжийн байгууллага /NLM/-ын Суурин төлөөлөгч Ялмар Хугдал болон төслийн удирдагч С.Баяржаргал нар төслийн явцтай танилцах зорилгоор энэ сарын 19-22-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн Алтай хот, Халиун, Цээл сумдад томилолтоор ажиллажээ. Энэ үеэр тэд Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр, ЭМГ – ын дарга Д.Дорждагва , Төслийн аймгийн удирдах зөвлөлийн дарга Ц.Батзориг нар болон удирдах зөвлөлийн бусад гишүүдтэй уулзаж ярилцлаа. Суурин төлөөлөгч Ялмар Хугдал болон төслийн удирдагч С.Баяржаргал нар төслийн зарим үйл ажиллагааны явцтай тухайлбал “Амны хөндийн эрүүл мэнд” “Орчны эрүүл мэнд” сэдэвт аянууд, Халиун, Цээл сумдын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж холбогдох зөвлөмжийг өгсөн байна. Суурин төлөөлөгч томилолтынхоо төгсгөлд Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд болон сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдэд “Эрүүл амьдрах хэв маяг” сэдэвт лекц уншсан байна.
Г.ДАРЬ