Энэ үеэр гэрээнд гарын үсэг зурсан хоёр талын хийхээр төлөвлөж буй ажлын талаар сонирхсон юм.
ФРАНЦАД СУРГАНА
Францын Геологийн албаны дарга Жан Франсуа:
-Манайх Франц улсын Геологийн алба буюу төрийн байгууллага учир төрийн бодлогоо хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдгээс гадна хамгийн сүүлийн үеийн өндөр техник, технологи ашигладаг гэдгээрээ давуу талтай. Манайх дэлхийн геологи, хайгуулын байгууллагуудаас хоёрдугаарт бичигддэг. Бид эхний ээлжинд улсдаа геологийн эрэл хайгуул, уул уурхайн хаалт, байгаль орчны үнэлгээний чиглэлээр 3-4 хүн сургах бодолтой байна. Мөн Монголд сургагч багш нарыг ирүүлж, туршалгаа хуваалцах ч боломжтой. Цаашдаа танай улсад Геологийн алба байгуулах, судалгаа, шинжилгээ хийх томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд хамтарч ажиллана.
Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяа:
-Манай улсын нутаг дэвсгэр 1:200 мянганы масштабтай зураглалд ор¬сон байгаа бол 1:50 мянганы нарийвчилсан зураглалд нутаг дэвсгэрийн 24 хувь нь хамрагдаад байгаа. Судалгааны үр дүнд 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1000 гаруй орд найман мянган эрдэсжсэн цэг илрүүлж мэдээллийн сан бүрдүүлсэн. Францын Геологийн албатай хамтарч ажилласнаараа бид геологийн хайгуул, зураглал, ашигт малтмалын үнэлгээ, ашигт малтмал, геологийн мэдээллийн санг бүрдүүлэх, уул уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн чиглэлд хамтран ажиллаж, чиглэл бүр томоохон төсөл, хөтөлбөр болон өргөжих боломжтой юм. Манайх одоогоор 2D зураглал ашиглаж байгаа бол Франц улс нутаг дэвсгээрээ 3D зураглалаар бүрхэж, улс орныхоо хаана нь ямар ашигт малтмал байгааг нарийн мэдэж авсан гэсэн үг. Бидний цаашдын зорилт Францын жишигтэй ойртож, нутаг дэвсгэрээ 3D геологийн зураглалаар бүрхэх юм.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин