Гэр бүлээрээ хар тамхины хэрэгт холбогдогсод

Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

Гэр бүлээрээ хар тамхины хэрэгт холбогдогсод

Аав, ээж, охин, хүргэн гээд гэр бүлээрээ нийлж хар тамхи хил дамнуулан зөөж, бусдад худалддаг байсан гэх С.Наранбаатар, Ч.Эрдэнэбаатар, Э.Гоомарал нарын давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт Цагдан хорих төвийн шүүх хурлын танхимд болжээ.

Анхан шатны буюу Баянзүрх дүүргийн шүүх тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн нэгдүгээр сард хэлэлцэж байсан бөгөөд энэ хэргийг зохион байгуулсан гэх хятад иргэдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бол гэр бүлийн гишүүдэд чанга дэглэмтэй хорих ангид 10-15 жил хорих ял оноогоод байсан юм. Тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж улмаар давж заалдсан ч өнгөрсөн долоо хоногт болсон хурлаар тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээжээ. Ингэснээр гэмт хэрэгтнүүд Дээд шүүхэд давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна.

Дашрамд мэдээлэхэд Малайзад сурч байсан манай улсын гурван оюутан амьдарч байсан дотуур байрандаа мансууруулах бодис хадгалж байсан нь илэрч, хууль хяналтынханд саатуулагдлаа гэх мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сард гарч байлаа. Тэгвэл тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн сард болсон ч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Шүүх бүрэлдэхүүн сэжигтнүүд хар тамхи хэрэглэж, хадгалсныг нотлох баримт дутуу байна гэж үзсэн тул нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр энэ хэргийн шүүх хурал наймдугаар сард товлогдож магадгүй бөгөөд тэд гэм буруутай нь тогтоогдвол 10-20 жилийн ял сонсох ажээ.

Л.ГЭГЭЭ
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж