French Open-д Скьявоне түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

French Open-д Скьявоне түрүүлэв

Талбайн теннисний спортын “Их дуулга”-ын цувралын нэг Францын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргын төлөөх тоглолт өчигдөр болж, Франческа Скьявоне, Саманта Стосур нар анх удаагаа финалд шалгаран өрсөлдсөн юм. Тоглолт 6-4; 7-6 харьцаагаар Скьявонегийн ялалтаар өндөрлөж, тэмцээний түүхэнд анх удаагаа Италийн тамирчин эмэгтэй төрөлд түрүү авлаа. Тэртээ 1976 онд Италийн теннисчин Адриано Панатта эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргалснаас хойш италичууд дахин цом хүртээгүй бөгөөд Скьявоне ийнхүү Италиас төрсөн хоёр дахь аварга болж байна.

Скьявоне дэлхийн чансааны жагсаалтын 17-рт эрэмбэлэгдээд байсан бол түүнтэй финалд тоглосон Стосур долдугаарт бичигдээд байсан юм. Стосурын тухайд тэмцээний туршид экс-аваргууд болох Жюстин Энен, Серена Уильямс нараас гадна дэлхийн номер нэг асан Елена Янкович нарыг ээлж дараалан хожсоноор аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон билээ. Энэ жил Скьявонетай гурван удаа таарч тоглоход бүгдэд нь Стосур ялагдсан боловч энэ удаад форм сайтай байгаа түүнийг Францын нээлттэй тэмцээний аварга болно гэдэгт теннис сонирхогчид итгэлтэй байсан юм.

Энэ сарын 23-нд 30 нас зооглох “Их дуулга”-ын цомын эзэн Скьявоне тус тэмцээний түүхэнд аваргын цом хүртсэн хамгийн ахмад теннисчдийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа төдийгүй 1976 онд Британийн Сью Баркераас хойш Францын нээлттэй тэмцээнээс түрүү авсан хамгийн доогуур чансаатай теннисчнээр нэрлэгджээ. Тэрбээр мөн улирлын чухал дөрвөн тэмцээний нэгт түрүүлснээр ирэх долоо хоногт шинэчлэгдэн гарах WTA-ын дэлхийн чансааны жагсаалтад анх удаагаа топ 10-т багтах боломжтой болж байгаа юм. Тодруулбал, тэрбээр дэлхийн чансааны жагсаалтын зургадугаарт эрэмбэлэгдэх учиртай.

Тоглолтын дараа Скьявоне “Өнөөдөр үнэхээр гайхалтай байна. Надад аваргын мэдрэмж төрж байна. Дашрамд дурдахад, Саманта бол үнэхээр гайхалтай бүсгүй. Дараагийн удаа чи миний байрт зогсоно гэдэгт итгэлтэй байна. Чи залуу байна, цаашид их ирээдүй хүлээж байгаа” гэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж