Үндэсний бүтээн байгуулалтаа хятад &#34талх&#34-аар хооллох уу?

Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

Үндэсний бүтээн байгуулалтаа хятад &#34талх&#34-аар хооллох уу?

ХЯТАД ЦЕМЕНТИЙН ЭРГЭН ТОЙРОНД


Хэдхэн хоногийн өмнө “Богд-Ар” хорооллын 15А байрны гадна талын хана хүчтэй салхинд нурсан. Энэ барилгын дулаалга хөөсөнцөр болон гаднах шавардлагатай хана тэр чигээрээ унажээ. Өнгөрсөн жил шиг санагдаж байна, Нүхтийн аманд барилгын бүтээц тааз нурж, эрдэнэт хүн эндсэн харамсалтай явдал болсон. Ер бид иймэрхүү явдалд нүд дасч, чих ээнэгших янзтай. Үүнийг манай сонин барилгад нүүрлэсэн монгол гамшиг хэмээн тодотгодог. Чанаргүй барилгыг хоносон хоолтой адилтгах аргагүй, уршиг үр дагавар нь дэндүү их. Тийм болохоор л барилгыг чанар талаас нь баруун солгойгүй ярих шаардлага байгаа юм. Түүхий эд, материалынхаа чансаа байдлаар аливаа юмны чанар эхэлж илэрхийлэгддэг. Тухайлбал барилга гэхэд арматур, цемент гэхчлэн яригдана. Тэр дундаа “барилгын талх” хэмээн нэрлэдэг цементийн чанар байдлын талаар тогтож ярих шаардлага бий. Монголын барилгын “талх” ердөө Хятадаас хамааралтай явж ирлээ. Мэдээж, энэ бол эдийн засгийн хувьд маш алдаатай бодлого гэдэг нь тодорхой. Цемент стратегийн бүтээгдэхүүн, яг л бензин шатахуун шиг. Гэхдээ цементийн салбарт бид уг нь   давуу талтай. Тэр нь юу гэвэл монголчууд цементээ үйлдвэрлэдэг, чанар сайтай түүхий эдийн бэлээхэн нөөцтэй гэхчилэн. Хэдийгээр хэрэгцээ нь өсч байгаа ч дотоодынхоо хэрэгцээг бүрэн дүүрэн хангах үндэсний үйлдвэрүүд үүд хаалгаа нээх тун дөхөж байна. Монголынхоо чанартай материалаар барилгаа барьдаг болсон тэр цагт л орон байрныхаа  чанарын талаарх далд түгшүүр зовнилоо орхиж чадна. Дэлхийн хөгжилтэй орнуудын жишгээс харахад цемент, хайрга, арматурын чанарт үйлдвэрлэл хийгээд импортын явцад нь маш өндөр шаардлага тавьдаг юм байна. Харин манайд эсрэгээрээ урд хөршөөс оруулж ирж байгаа цементэд хил гааль дээр чанарын хяналт тавьж чаддаггүй. Тэр ч битгий хэл гарал үүслийн гэрчилгээгүй цемент орж ирдэг. Цемент импортлогчид цементийн дээжээ өөрсдөө авч очиж шинжлүүлдэг бөгөөд мэдээж чанартай цөөхнөөсөө дээжинд өгчихөөд бусдыг нь чанарыг бодолцолгүй хамгийн хямдыг оруулж ирж байгаа нь нууцгүй.

Хуучнаар барилгын эрдэм шинжилгээний институт буюу одоогийн Барилга архитектурын корпораци импортоор орж ирж буй цементийн чанар стандартыг шалгадаг тухай эх сурвалж хэлж байна. Өөрөөр хэлбэл дээрх газарт шалгуулаад тухайн цементийг барилгад ашиглаж болох эсэх зөвшөөрлийг нь тус компани олгодог байх нь. Барилгын зарим компанийн ажилчид дээрх байгууллагын цемент шинжилдэг лабораторийг найдваргүй гэх юм билээ. Үнэндээ лаборатори найдваргүй бус шинжилж байгаа хүмүүст “но” байдаг ч гэж ярьдаг.

Урд хөршөөс цемент оруулдаг 40 гаруй компани, 200 орчим ченж байдаг аж. Ченжүүдийн хувьд Эрээн хотын цементийн жижиг үйлдвэртэй аман гэрээ байгуулдаг, ер нь тухайн үед аль хямд байгааг нь авдаг хэмээн ярьсан байна билээ. Үнэ хямд болохоор энэ цементийг манай барилгын компаниуд уухайн тас шүүрч авдаг. Барилгын чанар муу байх гол хүчин зүйл нь энэ болдог гэнэ.Хамгийн харамсалтай нь манай ченжүүд ямар марк чанартай цемент худалдаж байгаагаа өөрсдөө ч мэддэггүй гэж байх юм. “Дөчин дөрөв”-ийн захын цементийн ченж залуу“Хөтөл, Эрэлийн цементийг хүнд даацын өндөр барилга барихад тохирдог гэсэн. Гэхдээ барилгын компаниуд хямд үнэтэйг нь бодоод бидний урдаас авчирсан марк нь тодорхойгүй цементииг худалдан авдаг” хэмээн ярьжээ. Энэ ч нээрээ арай сэрүүдмээр байгаа биз. Цементийг хүнд даацын болон энгийн гэж ангилдаг. Мэдээж энгийн цемент бол хямд үнэтэй, дан байшин барилгад зориулагдсан. Гэтэл энэ энгийн цементээр хүнд даацын олон давхар барилгаа бариад байгаа юм биш биз гэсэн хар сэр төрөөд байна.

Урд хөршөөс оруулж ирж байгаа цемент чанарын хувьд шаардлага хангадаггүй, барьцалдах чанар муутай гэдгийг албаны хүмүүс анхааруулдаг. Үнэ чанар хоёр үргэлж бие биеэ илэрхийлж байдаг нь хаа газрын жаяг. Хямд юм гэдэг аль ч талаасаа хямд л байдаг. Тэгвэл Хятадын цемент хямд байх ямар шалтгаан байж болох вэ. Юуны өмнө цементийн найрлага дахь үнсний агууламж өндөр байх магадлал бий гэж мэргэжлийнхэн тодотгосон. Өөр нэг шалтгаан нь цемент үйлдвэрлэх техник технологиос маш их хамаардаг байна. Өөрөөр хэлбэл, техникийн хоцрогдол, технологийн хуучин арга юм. Цементийг гурван сар хадгалах ёстой. Гэтэл манайд хадгалах хугацаа дууссан цемент их хэмжээгээр орж ирдэг гэх яриа бий. Цемент байтугай хүнсний барааныхаа хадгалах хугацаанд хайнга ханддаг хүмүүс шүү дээ бид. Тэгэхээр цементийн хадгалах хугацаа гэхээр инээдтэй санагдах байлгүй дээ. Өөр нэг ноцтой гэмээр баримт байна. Энэ зун Монголд бүтээн байгуулалтын ажил эрчимжих сургаар хятадууд өнгөрсөн оны намраас эхлэн Толгойтын өртөө орчимд их хэмжээний цемент оруулж нөөцөлсөн гэх мэдээлэл байгаа юм. Хэрэв үнэн бол энэ зуны бүтээн байгуулалтууд хугацаа дууссан тэр цементээр хийгдэх магадлал өндөр байна. Цементийн бизнес эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Түмэнжаргал “Хятадын цемент чанар муу. Жиндээ хүрдэггүй. Нэг шуудай цемент нь 47 орчим кг болдог. Уут савлагааны стандарт муу, шаардлага хангадаггүй” хэмээн ярилцлагадаа дурджээ. Хэрэв тийм бол монголчууд уут тутамд нь гурван кг цементээр хохирдог болж таарах гээд байна. Энэ мэт “Но”-тойг нь мэдсээр байгаа хэрнээ бид урд газрын улаан цемент хэмээн уухайлах хэрэг юу билээ. Одоо хятадууд өдөрт 25 вагон цемент оруулж ирэхээр төмөр замд вагоны захиалга өгөөд явж байгаа сурагтай.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ӨМНҮҮР ХӨНДӨЛССӨН
ХЯТАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Хятад цементийн чанартай зэрэгцэн сөхөгдөх асуудал бол барилгын материалын үндэсний үйлдвэрлэлээ дэмжих явдал. Цементийн гол түүхий эд нь шохойн чулуу, гөлтгөнө. Монгол энэ төрлийн ашигт малтмалаар баян төдийгүй чанарын хувьд онцгой сайн гэдгийг мэргэжлийнхэн нотолдог. Үүнийг бурхнаас хуваарилсан давуу тал хэмээн ярих юм билээ. Тэгэхээр дотооддоо цементийн үйлдвэр хөгжүүлэх бэлээхэн боломж гэж ойлгогдож байна. Хөгжиж ч байгаа. Гэтэл яахаараа монголчуудын илүү чадах зүйлийг гадныхнаар хийлгэх гээд байна вэ гэсэн асуулт хөврөх шалтгаан байна.

Монголд жилдээ 2.5 сая орчим тонн цемент хэрэгтэй. Энэ оны эцэс гэхэд Хөтөлийн цементийн үйлдвэр хүчин чадлаа нэг сая тонн хүртэл нэмэгдүүлнэ. Түүнчлэн “МАК” компани Дорноговийн Даланжаргалан сумын нутагт Хөхцавын цемент шохойн үйлвэрийг ирэх оны эхний улиралд ашиглалтад оруулахаар шамдаж байна. Энэ үйлдвэр гэхэд дэлхийд хамгийн шилдэг нь болох Данийн FLSimdthкомпанийн тоног төхөөрөмж бүхий хуурай аргаар боловсруулах үйлдвэр байх юм. Үйлдвэр жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэнэ. 400 орчим хүнийг ажлын байраар хангана. Өөрийн лицензтэй талбайгаасаа түүхий эдээ олборлох тул бүтээгдэхүүний өртөг нь харьцангуй хямд байх боломжтой бөгөөд энэ нь барилгын м2 талбайн үнийг бууруулахад бодитой нөлөө үзүүлээд зогсохгүй чанарын хувьд санаа зоволтгүй юм. Түүнчлэн “Монполимет”компанийн цементийн үйлдвэр мөн аймгийн Өргөн суманд баригдаж байна. Томоохон нь энэ гурван компани байгаа ч хүчин чадал арай багатай цементийн өөр үйлдвэрүүд баригдахаар зэхэж байгаа юм билээ. Зөвхөн дээрх томоохон гурван компанийн үйлдвэрийн хүчин чадлаар дотоодынхоо хэрэгцээг хангачих боломж харагдаад зогсохгүй экспортлох ч ирээдүй ойрхон бий. Сайхан сонсогдож байна.

Гэтэл үүнтэй зэрэгцэн Төв аймгийн Сэргэлэн сумын Салхитын хөндийд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай тус улсын төрийн өмчит цементийн үйлдвэр баригдах тухай яриа бий. 2009 оноос эхлэн яригдаж байгаа ч одоо хэр ганц байшингийн суурь ухаагүй газар байна билээ. Энэ зуур хөрөнгө оруулагч нь солигдсон гэнэ. Одоо Хятадын төрийн мэдлийн компанид эрх нь шилжсэн. Жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэнэ гэж байгаа. Хуурай аргын үйлдвэрлэл гэж байгаа боловч мэдээж тэнд Хятадын техник технологи л орж ирж таарна.

Тэгэхээр мөнөөх чанар талаасаа бол өндөр технологи бүхий үндэсний үйлдвэрлэгчдийн тоосон дунд л “тормолзох” байх даа. Мэдээж тэд нутаг нэгтнүүдээ л ажиллуулах гэнэ. Хэдийд хэнээс ийм үйлдвэр барих зөвшөөрөл авсан нь тодорхойгүй. Өндөр технологи бүхий үндэсний үйлдвэрүүд хөллөж босох гэж байхад яахаараа Хятадын компанид ийм зөвшөөрөл олгосныг гайхаад барамгүй. Үндэсний үйлдвэрээ дэмжинэ гэж уйлагнан дуулдаг хэрнээ ар хударгаараа азын шоо хаяж, авч өгөх дээрээ тохирч явдаг юм биш биз гэж бодогдож байна. Монголыг Хятадын цементээр хангах нь хэний ашиг сонирхол вэ гэдэг анхаарал татах асуудал яриангүй мөн.

Урд хөршийнхөн Монголд цементийн үйлдвэр байгуулснаараа Монгол руу урсч байгаа цементийн экспортдоо “галын дэмжлэг” үзүүлж бас Монголын цементийн зах зээл, түүгээрээ дамжуулан барилгын салбарыг хяналтдаа байлгах гэсэн санаархал биш гэж үү. Салхитын хөндийд баригдана гэж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай “Улаан цемент” үйлдвэр ном журмаараа гэхээсээ илүүтэй, ар өврийн хаалга, авдаг өгдөг, аргадаж аргалах байдлаар ажлаа гүйцэлдүүлэхээр зорьж байх шиг харагддаг хэмээн нутгийнхан ярьж байна билээ. Тухайлбал ажиллах хүчний зөвшөөрөл, байгаль орчны үнэлгээ энэ тэр гээд олон асуудал нь одоо хүртэл шийдэгдээгүй, бичиг баримт нь бүрэн бус байх магадлалтай гэсэн. Нутгийнхны ярьж буйгаар шөнө дөлөөр 50, 60-аар нь хятад ажилчдыг хар теньтэй микрогоор нааш цааш зөөдөг байна. Энэ нь манай хууль журмын дагуу ажиллах хүчээ оруулж ирээгүй байгаагийн илрэл. Үүнийг холбогдох газрууд анхааралдаа авна гэдэгт найдаж байна. Монголчууд бид чинь дээрээ хуультай улс шүү дээ.

Монголын стратегийн салбарт үндэсний үйлдвэрлэгчид орж ирж байхад үүнийг дэмжин хөхүүлэх нь төр засгийн бодлогын түрүүнд байх учиртай байх. Эдийн засгийн аюулгүй байдлын нэг салаа мөчир нь энэ. Гэхдээ ам хэлээрээ бус ажил хэргээрээ. Эхний алхам болгож бүтээн байгуулалтаа хятад “талх”-аар бус өөрийнхөө барьсан талхаар хооллодог болох нь монголчуудын эрх ашиг мөнөөс мөн.

П.ЯДАМДОРЖ
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж