![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/5/4c4fabfd3cebdda6/03c61b6f045dff65big.jpg)
Байнгын хорооны хуралдаанаар дараа нь “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн хийлээ.
Үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг бүх байнгын хороод хийж, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаарх санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томъёоллын хамт Хууль зүйн байнгын хороод ирүүлсэн байна. Тус байнгын хорооноос гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулсан ажлын хэсэг байнгын хороодоос үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж ирүүлсэн санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг нэгтгэн боловсруулж, байнгын хороодоос дэмжсэн зарчмын зөрүүтэй нийт 75, дэмжээгүй нэг саналаар санал хураалгахаар бэлтгэжээ.
Гэхдээ байнгын хороодын хуралдаанаас гаргасан санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналуудаас харахад үндсэн чиглэлийн төслийг энэ байдлаар нь батлах боломжгүй учраас төслийг Засгийн газарт буцааж дахин оруулж ирсний дараа нухацтай ярилцаж шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан байнгын хорооны гишүүдэд хэллээ. Гишүүн З.Энхболд ч үндсэн чиглэлд тусгуулахаар гишүүдээс гаргасан санал нь тодорхой агуулга, үндэслэлтэй байх ёстой атал зарим саналын томъёололд тийм зүйл харагдахгүй байгааг хэлж байв.
Харин хуралдааныг даргалагч гишүүн Р.Гончигдорж Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд гишүүд саналаа өгөх ёстой учраас хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргасан саналыг байнгын хороо анхаарч үзэх учиртай. Иймээс байнгын хорооноос горимын санал гаргаж төслийг батлах, эсвэл төслийг Засгийн газарт буцааж дахин боловсруулах хоёр хувилбар байна гэдгийг хэлсэн юм. Гишүүн З.Энхболд, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан нар ч энэ удаад Засгийн газраас оруулж ирсэн төслийг батлаад, харин гишүүдийн нэмж гаргасан бүх саналыг дахин сайтар судалж үзсэний үндсэн дээр тогтоолд өөрчлөлт оруулах төслөө намрын чуулганд оруулж хэлэлцүүлэх үүргийг Засгийн газар өгөх нь зүйтэй байр суурийг дэмжсэн юм.
Ингээд Засгийн газраас оруулж ирсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр баталж, гишүүдээс байнгын хороодын хуралдаан дээр гаргасан саналуудыг нэгтгэн судалж тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганд оруулж хэлэлцүүлэх үүргийг Засгийн газарт өгөх тухай гишүүн Р.Гончигдоржийн гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.