
Нийслэлийн төвд байрлах Чойжин ламын музейг сэргээн засварлах ажил өчигдрөөс эхэлжээ. Музейн засварын асуудалд Соёл урлагийг хөгжүүлэх сан, Соёлын өвийн төв, Чойжин ламын сүм музейн захирал Н.Ангирмаа болон ССАЖЯамны холбогдох удирдлага, мэргэжилтэн саналаа оруулсан бөгөөд засварын ажлыг “Сүлд-Уул” ХХК хариуцан хийх ажээ. Сэргээн засварлалтын ажлаар ханын хэсгүүдийн ялзарч, нурж, элэгдэж муудсан хэсгийг шинэчлэх, технологийн горим өмнө батлагдсан ёсоор үлдээхээр болсон юм байна. Харин хэрмийн анхны технологи, материалаар үлдээж болох тодорхой хэсгүүдэд бэхжүүлэлт хийн эх төрх байдлаар нь хадгалж үлдээхийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Чойжин ламын сүм музейн захирал Н.Ангирмаа, “Сүлд уул” ХХК-ийн захирал Л.Энх-Уяа нарт даалгажээ.
Чойжин ламын сүм музейн хэрмийн нийт урт 415 метр, 4 тал, нийт 126 хэсэгтэй бөгөөд тусгаарласан нэг хэрэмтэй юм байна. Чойжин ламын сүм музейн хэрмийн хэсгүүдийг 1960-аад он, 1988 он, 2012 онд тус тус сэргээн засварлаж байсан ажээ. Одоогоор хэрмийн 126 хэсгийн 69 нь түүхий болон хөх тоосго, 57 нь улаан тоосгоор баригдсан байгаа тухай мэргэжилтнүүд мэдээлж байна.
У.БОЛОР