Стивен Жеррардын эзгүйд Фрэнк Лампардыг багийн ахлагчаар томилсон боловч дасгалжуулагч Ходжсон Лампардтай зөвлөлдсөний эцэст өнөө шөнийн тоглолтод багийн ахлагчийн туузыг Эшли Коулд шилжүүлэхээр санаа нэгдсэн гэнэ. Ходжсон түүний талаар “Арсенал, Челси гэлтгүй Английн шигшээгийн хувьд ч Коул бол ажлаа сайн мэддэг, гайхалтай тоглогч. Стивийн эзгүйд Фрэнк үргэлж багаа ахлах болно. Аль жилийн өмнөөс би энэ ажлыг хүлээн авахдаа тэгж шийдсэн. Гэхдээ энэ удаа Эшли багаа ахална. Фрэнк ч энэ шийдвэрт баяртай байгаа. Шигшээ багийнхаа төлөө 100 тоглолт хийсэн хүнд ийм хүндэтгэл үзүүлэх нь зүйн хэрэг” хэмээн ярьжээ.
“Уэмбли” цэнгэлдэхэд болох энэ удаагийн тоглолт Эшли Коулын хувьд шигшээ багийнхаа төлөө хийх 102 дахь тоглолт нь юм. Өнгөрсөн хоёрдугаар сард Бразилийн эсрэг тоглож, 100 дахь тоглолтоо хийсэн тэрбээр Английн хөлбөмбөгийн түүхэнд энэ амжилтад хүрсэн долоо дахь тоглолт болсон билээ. Үүнээс өмнө Петр Шилтон-125, Дэвид Бэкхэм-115, Бобби Мур-108, Бобби Чарльтон-106, Билли Райт-105, Стивен Жеррард-101 нар 100-гаас дээш тоглолтод оролцсон түүхтэй.
“Уэмбли”-д зочлох Ирландын шигшээ багийн хувьд тус улсын Хөлбөмбөгийн холбооны 150 жилийн ойн хүрээнд 1991 оноос хойш анх удаа Лондонд ирж буй юм. Тэд мөн ирэх ням гаригт Бразильд очиж, нөхөрсөг тоглолт хийх ажээ.