
Өглөөний 08:20 цаг. Саппорогийн тойрог.
Манайхны тэвчээргүй зан, түүн дээр ачааллаа даахаа байсан энэ уулзварт ажил, сургуульдаа яаран яваа хүмүүс өнөөх “Зэлтэрийн гацаа” гэгчид орчихов уу гэмээр нэг цагийн хугацаанд таг гацав. Уг нь орой үдэш машинтай энэ тойргоор нэвтрэхэд торгочих гээд элдвээр хоргоодог замын цагдаа иймэрхүү чухал үед зохицуулалт хийж чадахгүй байгаа харагдана. Харин зарим жолооч нар машинаасаа буугаад зохицуулж байх юм. Түгжрэлийн улмаас ажлаас хоцрох “аюул” тулгарсан тул автобуснаас бууж Саппорогийн тойрог гараад зогстол нэг ч машин ирсэнгүй. Машингүй өдөр зарлахад иймэрхүү дүр төрх харагдсан санагдана. Хүмүүс зам даган хөвөрч, зарим нэг такси барихаар гараа өргөн зогсоно. Гэхдээ өнөө өглөө Саппорогийн тойргийн түгжрэлээс гараад, “халтуур” хийх аавын хүү алга бололтой.
“Хаашаа явах юм хө. Хамт таксидах уу. Унаа зогсвол төв рүү хамт дөхье. Мөнгө хуваагаад төлчихье” гээд л хүмүүс хоорондоо ярилцаад, гараа өргөнгөө зам даган алхана. Гэсэн ч ганц нэгхэн ирэх машинууд зогссонгүй. Хүмүүс зам даган алхсаар л. Ингэсээр аравдугаар хорооллын автобусны ирлээ. Унаа ирэхгүй хэвээр хүмүүс цагаа харснаа цааш алхана. Зарим нэг горьдсон нүдээр баруун тийш харан хүлээх аж. 32 номертой “Чулуун овоо-Саппоро” чиглэлийн нэг автобус ирлээ. Хүмүүс зүтгээд, “чихээд” зарим багталгүй үлдлээ. Зарим нэг нь автобусны хаалганаас зүүгдэх шахуу явна. Хүмүүс дотроо багтахгүй байгаагаас хаалга нь хаагдахгүй байгаа бололтой. Удалгүй дахин нэг “Чулуун овоо- Саппоро” чиглэлийн автобус ирлээ. Хүмүүс зүтгэдгээрээ зүтгэж, чихдэгээрээ чихсэн бас багтсангүй. Автобусны буудалд ирэх хүмүүсийн тоо нэмэгдсэн үү гэхээс багассангүй. Зарим нь хотын төв рүү алхаж, зарим автобус ирэхийг хүлээн баруун тийш гөлийтлөө ширтэцгээнэ. Ингэсээр 09:30 цаг болж, Саппорогийн тойргийн түгжрэл жаахан багассан бололтой машин, автобуснууд явж эхэллээ. Ганцхан уулзав нэвтрэхийн тулд Улаанбаатарчууд бид бүхэл бүтэн нэг цаг 10 минутыг зарцуулах аж. Манайхны тэвчээргүй хүлээцгүй занд байна уу? Эсвэл ачааллаа даахгүй, зохицуулалт муутай замын хөдөлгөөнд байна уу гэдгийг жолооч нар хариулах биз. Магадгүй тэвчээргүй, хүлээцгүй жолооч нарын үйлдэл дээр зохицуулалтгүй замын хөдөлгөөн нэмэгдэхээр бидний алтан цаг хугацааг алдагдуулж байж болох шүү дээ.
Тэгвэл “Эр зоригийн тойрог”-ийг хэрхэн зохицуулж болоход анхаарч ажиллаасай гэж өнөө өглөө хохирсон иргэдийн өмнөөс хүсье. Энэ тойрог ганцхан өнөө өглөө бус ихэнхдээ гацталаа түгжирсэн байдгийг уламжилъя. Эр зоригийн тойргоо гэж… Жолооч хүний чадварыг шалгадаг газрын нэг юм.


