Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

Хойдчуудын урилга

Солонгосын хойг… Хойдчууд, өмнөдийг хэлэлцээрийн ширээний ард суухыг урилаа. 2007 оноос хойш анх удаа хоёр Солонгос уулзах гэж байна. Энэ удаагийн уулзалт өмнөх уулзалтаас нэг зүйлээрээ онцлог. Бараг таван сарын турш Солонгосын хойгийн байдал хурцдаж, дэлхий нийтийг түгшээж, дайны байдалд хүрсэн халуухан өрнөлийн дараа энэ уулзалт болох гэж байна. Харин хойдчууд түрүүлж хэлэлцээрт урьсан нь тактикийн алхам байж болох. Таван сарын турш зогсолтгүй сүрдүүлж байсан энэ улс яг одоо тусламж, туслалцаа, хүнсний хангамжийг сайжруулах зорилго агуулж байгаа нь тодорхой. Харин яг нэгдэх гэдэг энэ том асуудал дээр ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй.

Хойдчуудын хүсэл

Хойдчууд яг юу хүсч байгаа нь тодорхой. Тусламж, туслалцаа, санхүүгийн дэмжлэг. Дотоодын үйлдвэрлэл гэхээр юм бараг үгүй, байсан ч түүнийхээ бүх орлогыг цэрэг, зэвсэглэлийн салбарт зарцуулдаг энэ улсад тусламж туслалцаа хамгийн чухал. Хэрвээ ямар нэгэн дэмжлэггүй бол хойдчууд эвгүй байдалд орно. Өмнөх жилүүдийн түүх ч үүнийг бэлхнээ харуулдаг. 2000-аад оны эхэн үед цөмийн зэвсгийн туршилтыг зогсооно гэдгээр барьцаалан байж олон улсын тусламжийг авч чадсан. Гэсэн 10-аад жилийн дараа туршилтаа дахин эхэлж, 2012 оны сүүлээр хэд, хэдэн туршилтыг амжилттай болгож, сүрдүүлгийг хийснээр олон улсыг тусламжийн гараа сунгахад хүргэсэн. Харин одоо өмнөдтэй ямар нэгэн хэлэлцээрийг хийх гэж байна. Хэдийгээр гадныхан үүнийг нэгдэхийн цондон хэмээж байгаа ч хойдчууд тийм амархан нэгдэхгүй.

1980-аад оны сүүлээр хоёр солонгос нэгдэх боломж байсан. Хятад энэ үйлсэд оройлон оролцож, ямар нэгэн байдлаар нэгдэх сэжимийг үүсгэж байсан. 2000-аад оны эхэн үед НҮБ-ын оролцоотойгоор нэгдэх боломж байсан. Энэ бүх боломжийг тэд ашиглаагүй, ашиглахыг ч хүсээгүй. Орчин үед энэ хоёр улсын нэгдлийн талаар хамгийн их ярьж, бодит ажил болгох гэж хичээсэн хүн нь Ким Дэ Жун. Тиймээс ч тэр Нобелийн энх тайвны шагналыг авч чадсан. Тухайн үед ямар нэгэн хэлэлцээр хийхийг чармайлгүй социалист орноо улайран хамгаалж байсан Ким Чин Иртэй хэлэлцээр хийх нь амаргүй даваа байсан нь ойлгомжтой. Угтаа хоёр солонгосын уулзалтыг Ким Дэ Жун л санаачилж, уулзаж байхаар болсон билээ.

Одоо л том боломж

Хойд Сологосын удирдагч залуухан. Өөрөөр хэлбэл улстөрийн туршлага тун багатай нэгэн. Пуужин болоод цөмийн зэвсгийн туршилт, удаа дараа үзүүлж байсан сүрдүүлгэ зэргээс нь харвал сэтгэл хөдлөлөөрөө улс орноо удирддаг гэдгийг харж болно. Харин өмнөдчүүд өөр. Улстөрийн туршлага ихтэй олон хүн засгийн газар болоод төрийн удирдах албаны хүмүүст бий. Тэгээд ч удирдагч юу гэж хэлнэ түүнийг бус, албаны зөвлөгөө өгөх чадвартай хүмүүс. Бас нэгэн таатай мэдээлэл байгаа нь эмэгтэй удирдагчтай. Эмэгтэй хүний торгон ухаан, улстөрийн тактиктай нийлбэл нэгдэл яаж ч эргэж болно. Хойд Солонгос яах вэ? Зүгээр л удирдагчаа дагна. Цэргийн шадар туслахууд олонтой ч Ким Жон Уны уурыг нэг л хөдөлгөвөл аавын хаалга татаж, нөгөө ертөнцөд морилж ч мэднэ. Хэрвээ хойд солонгосын эмзэг цэгийг нь олж, гэрээ хэлэлцээрийн нюансыг зөв тааруулж чадвал хоёр Солонгос ойртох цаг хаяанд байна.

Өмнөдийн амбиц

Өмнөдчүүд нэгдэл гэдэг үгийг том зорилгоо болгож, ирэх жилүүдийн томоохон алхамыг нэгдэл хэмээн тодорхойлж байгаа. Шинэ ерөнхийлөгч Пак ч тангараг өргөх ёслол дээрээ ирэх жилүүдийн бодлого ерөөс энэ гэдгийг батлан хэлсэн. Саяхан АНУ-д айлчлахдаа Обаматай зөвхөн энэ л талаар ярилцсан билээ. Гэхдээ энэ бол тийм ч амархан зүйл биш. Сүүлийн 30 жилийн туршид энэ яриа зөвхөн мөрөөдөл, заримдаа улстөрийн шоу болон хувирч байлаа. Хойдчууд ч үүнийг бодит ажил болголгүй зөвхөн тусламж, хангамжийн хөзөр болгон харж байсан нь гашуун үнэн. Хэдийгээр нэгдэл гэдэг үг мөрөөдөл төдий байсан ч бодит байдал болгох нэг ч гэсэн сэжүүр байна. Тэр нь хойдчууд түрүүлж хэлэлцээрт урьсан явдал. Ер нь хойд зүгээс түрүүлж хэлэлцээрт урьж байсан явдал байдаггүй. Шинэ ерөнхийлөгчийн хамгийн  том хүсэл нь ирэх Риогийн олимпод нэг тугийн дор оролцох явдал. Ямар ч байсан хойдчуудын урьж байгаа дээр энэ асуудлаа дэлгэх нь дамжиггүй. Гэхдээ хойдчууд үүнийг хэрхэн хүлээж авах нь одоогоор тодорхойгүй байна.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж