Жүдочид эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

Жүдочид эх орондоо ирлээ

ОХУ-ын Тюмень хотноо болсон жин, жингийн дэлхийн шилдэг 16 жүдочийн оролцдог “Мастерс” тэмцээнд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн шигшээ багийнхан өнөө өглөө 07:00 цагт эх орондоо ирлээ. Энэхүү тэмцээнээс Монголын жүдочид хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэн, багаараа дэд аварга болсон юм. Ингэснээр Монголын жүдочид өөрсдийн түүхийн хуудаснаа нэгэн шинэ мөрийг бичсэн гэхэд болно. Дэлхийн жүдогийн зөвхөн шилдгүүд оролцдог энэхүү тэмцээнээс өмнө нь таван медаль хүртсэн бахдам амжилт гаргаагүй байсан билээ.

Монголын жүдочдын хувьд энэ жилийн тэмцээнд 19 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон. Энэ нь монголын 19 жүдоч жин тус бүрдээ эхний 16-т бичигдэж байна гэсэн үг юм.

ОХУ-ын Тюмень хотноо болсон жүдогийн “Мастерс” тэмцээний 41 орны 199 шилдэг тамирчин оролцсон. Тэмцээний тэргүүн байрыг жүдо бөхийн эх орон Японы баг тамирчид гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтайгаар эзэлсэн бол манай жүдочид өнгөтэй байж хоёрдугаар байрт шалгарсан юм. Харин Бразилийн баг тамирчид нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медальтай гуравдугаар байрт шалгарчээ. Тэмцээний медалийн байдлаас үзэхэд түрүүлсэн жүдогийн эх орон Японы шигшээгээс манай багийн нэг алт, нэг хүрэл медалиар дутуу байна. Тэгэхээр манай улсад жүдо бөхийн спортын хөгжил дэлхийн хэмжээнд хүрснийг харуулсан хэрэг юм.  

Сануулахад, ОХУ-ын Тюмен хотод болсон “Мастерс” тэмцээнээс монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд ОУХМ Д.Сумъяа алтан медаль хүртсэн. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд барилдсан ОУХМ Г.Болдбаатар, эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд өрсөлдсөн А.Цолмон нар мөнгөн медаль хүртлээ. “Мастерс” тэмцээний хүрэл медалийн эзнээр 73 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар тодорсон билээ. 

 Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж